УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Д.Хаянхярваа нарын 27 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах албан бичгийг хэлэлцээд, дэмжихгүй гэдэгт санал нэгдэв. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас Удирдах зөвлөлийн шийдвэрийг 100 хувийн саналаар дэмжсэн гэдгийг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Мөн бүлгийн хуралдаанд нийт МАН-ын 64 гишүүний 35 нь оролцсон гэдгийг онцолсон.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “Өнөөдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Учир нь ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг Удирдах зөвлөлийн хуралд оролцуулахгүй гэсэн байр суурийг хэд хэдэн гишүүн онцолсон. Мөн Ерөнхий сайдыг огцруулах албан бичиг өргөн барьсан 27 гишүүн өнөөдөр болсон МАН-ын бүлгийн хуралдаанд суугаагүй. Тэгэхээр өнөөдрийн бүлгийн хуралдааны шийдвэр хүчин төгөлдөр бус” гэсэн зөрүүтэй мэдээлэл өгсөн юм.
Харин бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Шүүхээс эцсийн байдлаар буруутай гэдгийг нь тогтоогоогүй байхад бид гишүүний эрхэд халдаж болохгүй“ гэсэн тайлбар өгснөөр хэвлэлийн хурал өндөрлөв.
2018.11.27 өдөр Төрийн ордон…
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Номтойбаяр нар зэрэгцэж суугаад шившигээ тарилаа. 64 суудалтай УИХ дахь МАН-ын бүлэг ингэж гутамшигтай талцан хэрэлдэх ч гэж дээ. Ийм Улсын Их Хурал, ийм эрх баригчидтайдаа байхаас ичиж байна.