Энэ сарын 12-нд “Шангри-Ла” олон улсын сүлжээ зочид буудалд АНУ-ын офицер нас барсан талаар мэдээллэсэн. Энэхүү хэргийг одоо СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Тагнуулын Ерөнхий газрын хамтарсан баг шалгаж байгаа юм байна.
Анх зочид буудлын өрөөний ханын шүүгээнээс өөрийн өмсөж байсан өмдний бүсээр хоолойгоо боомилж амь насаа алдсан байдалтайгаар олджээ. Энэ тухай анх өрөөг цэвэрлэхээр орсон үйлчлэгч мэдэж, цагдаад дуудлага өгсөнөөр ил болсон.
Талийгаачийг М.К.Стюьарт гэх бөгөөд 34 настай. Зочид буудалд бууснаас хойш арван цаг орчим хугацаанд зочид буудлын ажилтнуудтай холбоо бариагүй байна.
Хэргийн газарт үзлэг хийхэд шар айрагны хоёр ширхэг шил, талийгаачийн хувцас хэрэглэл, зөөврийн компютер, гар утас, гурван ширхэг флаш, хэтэвчинд нь олон улсын хэд хэдэн карт байсан гэж албаны эх сурвалж мэдээлсэн.
Хэргийг газарт ажиллаж байгаа цагдаа нарын хэлснээр, “Шангри-Ла” олон улсын сүлжээ зочид буудлын хяналтын камерт ямар нэгэн эвдрэл байгаагүй. Талийгаач өрөөндөө ороод нэг ч удаа өрөөнөөсөө гарч ирээгүй. Түүний өрөөнд зочид буудлын үйлчлэгчээс өөр хүн орсон зүйл хяналтын камерт бичигдээгүй” гэсэн юм. Тэгэхээр талийгаач амиа хорлосон гэж таамаглаж болохоор байгаа гэв.
Уг хэрэгт хэрэг бүртгэл нээж, цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээний төв рүү хүргүүлжээ. Шинжилгээний хариу ажлын 7-21 хоногт гарах бөгөөд амиа хорлосон эсэхийг нарийн шалгахаар ажиллаж байна. Харин энэ хэргийн талаар “Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, хэргийг шалгах ажиллагаа үргэжилж байна” хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.