Өчигдөр Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар мөрийтэй тоглож байсан этгээдүүдийг АК маркийн буугаар сүрдүүлж дээрэм хийсэн бүлэг залуусын хэргийг шүүлээ.
Энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд Н.Ариунгэрэл, Л.Алтанхуяг, М.Амартүвшин, Н.Билэгбаатар, С.Галбадрах, Б.Насандэлгэр нарыг бусадтай бүлэглэж, зэвсэг хэрэглэж, дээрэмдсэн, М.Амартүвшин, Д.Алтангадас нарыг бүлэглэн цагдаагийн алба хаагчийг үүргээ гүйцэтгэж байхад нь зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, Л.Алтанхуягийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, Н.Билэгбаатарыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. Анхан шатны шүүх Н.Ариунгэрэл, Л.Алтанхуяг нарт 8 жил, М.Амартүвшинд 7 жил, Н.Билэгбаатарт 11 жил 2 сар, Б.Насандэлгэр, С.Галбадрах нарт тус бүр 6 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Д.Алтангадаст 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оногдуулсан байсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээгээд байсан юм.
Тэгвэл өчигдөр хуралдсан Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхээс Л.Алтанхуягийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгож, түүнд оногдуулах ялыг 7 жилээр тогтоож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээжээ.