Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно” гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр явагдаж, энэ оны спортын шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн шалгаруулалтад зуу гаруй спортын сэтгүүлчид саналаа өгч шилдэгүүдийг шалгаруулсан байна.
Энэ жилийн Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хүрэл, “Мастерс”-ийн мөнгөн медальт Л.Отгонбаатар, эмэгтэй тамирчнаар боксын ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг нар тодорлоо. Ийнхүү М.Нандинцэцэг шилдгийн шилдэгт олгодог шилжин явах цомын эзэн болсон нь Монголын боксын холбооны түүхт 70 жилийн ойд томоохон бэлэг болсон юм.
Тэгвэл энэ жилийн Шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан тодорлоо.
Мөн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт Ө.Дүүрэнбаяр, Азийн наадмын боксын аварга Э.Цэндбаатар нар шалгарлаа.
Эмэгтэй шилдэг тамирчнаар чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Азийн наадмын алт, хүрэл медальт, буудлагын ОУХМ Г.Нандинзаяа нар амжилтаараа бусдыгаа магнайлжээ.
Ингээд “БӨРТЭ ЧОНО 2018” шагналын бусад номинацийн эзнийг танилцуулья:
Олимпийн зөвлөл: Баянзүрх дүүрэг “Нагано” олимпийн зөвлөл
Сэтгүүлч: С.Шижирбат “ETV” телевизийн спортын сэтгүүлч
Менежменттэй холбоо: Уулчдын холбоо, Пауэрлифтингийн холбоо
Клуб: Хөлбөмбөгийн “Эрчим” клуб
Арга зүйч: Ж.Даваасүрэн – ХХЕГ-ын харьяа “Хилчин” олимпийн зөвлөлийн арга зүйч
Олимпийн бус холбоо: Шатар болон самбо бөхийн холбоо
Шүүгч: Жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэг
Бүтээн байгуулалттай холбоо: Байт харвааны холбоо
Хөрөнгө оруулалттай холбоо: Хөнгөн атлетикийн холбоо
Олимпийн төрөл: Гимнастик болон жүдо бөхийн холбоо
Ерөнхийлөгч: Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан
Ерөнхий нарийн бичгийн дарга: Боксын холбооны Ц.Батнасан
Залуу тамирчин: Жүдо бөхийн тамирчин Л.Сосорбарам
Дасгалжуулагч: Ж.Ганхуяг /буудлага/, С.Эрдэнэ-Очир /хөлбөмбөг/, А.Мэргэн /шайбтай хоккей/
БАГ: Шайбтай хоккейн шигшээ баг “Challenge cup” тэмцээнд түрүүлсэн амжилтаараа олонхийн санал авч шилдэг багаар тодорсон байна.