Өнгөрөгч 2017 оны нэгдүгээр сараас мөрдөгдөж ирсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг байсныг өчигдрөөс эхлэн 320.000 төгрөг болгон нэмэгдүүллээ. Энэхүү шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төлөөлөл гурван талт хэлэлцээрээр өнгөрөгч оны наймдугаар сард гаргасан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2015 оноос хойш өөрчлөлтгүй явж ирсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа бөгөөд ирэх 2020 онд дахин нэмэгдүүлж 420.000 төгрөг болгоно гэж мэдэгдлээ.
Одоогийн байдлаар манай улсын нийт ажиллах хүчний тоо 1.4 сая хүн байгаа бол түүний найман хувь болох 112.000 хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна.