Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/444 дүгээр тушаалаар 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагаас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллав.
Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын 8, обьектын гал түймрийн 21, нийт 29 удаагийн дуудлагаар ажиллаж 28 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангав.
Үүнд:
– Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 12 дугаар сарын 31-ний өдөр “Ховд” голд халиа үүсэж аж ахуй нэгж, байгууллага, айл, өрхүүд усанд автах эрсдэлд орж болзошгүй тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч, мэргэжлийн ангийн 15 ажилтан, нийт 43 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 150 метр суваг татан аюулгүй байдлыг хангасан.
– Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Анун“ төвд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гал гарсан тухай дуудлагаар НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30 дугаар ангийн 20 гаруй алба хаагч 2 цаг 50 минут ажиллаж, 600 сая төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалсан.
Түүнчлэн Дорноговь аймгийн Алтанширээ сум, Дорнод аймгийн Чойбалсан сум, Өмнөговь аймгийн Баян-Овоо сум, нийслэлийн Багахангай, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан обьектын гал түймэр, төөрч осгосон болон зам тээврийн осолд өртөж 5 хүн нас барж, 3 хүн гэмтсэн байна.
Дээрх хугацаанд Онцгой байдлын байгууллагын 7490 гаруй алба хаагч /давхардсан тоогоор/, 1890 орчим нэгж тусгай зориулалтын автомашин, техник, хэрэгсэлтэйгээр иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.