Цагдаагийн байгуулага цаг үеийн байдалд тохируулан арга хэмжээ авч ажилладаг. Үүний хүрээнд “Сар шинэ-2019” арга хэмжээг өчигдрөөс зохион байгуулж эхэлсэн. Энэхүү арга хэмжээг иргэдийн оролцоо, санаачлагад тулгуурлан явуулж байгаагаа мэдэгдлээ.
Монгол улсын хэмжээнд жилд бүртгэгдэж байгаа нийт хэргийн 40 орчим хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг байна. Тиймээс хулгайн гэмт хэргийг тоог бууруулахаар цагдаагийн байгууллага үе шаттай арга хэмжээ явуулж байгаа ч тухайн гэмт хэргийн гаралт төдийлөн буурахгүй байгааг мөн онцоллоо.
2017 оны хулгайн гэмт хэргийн гаралтыг 2018 оныхтой харьцуулахад гэмт хэргийн тоо өссөн дүнтэй байна. Өнгөрөгч онд улсын хэмжээнд 22 мянган хулгайн гэмт хэрэг үйлдэгдсний 17 мянга гаруй нь нийслэлд бүртгэгджээ.
2018 онд мал хулгайлах гэмт хэрэгт холбогдолтой 1360 гаруй дуудлага бүртгэгджээ. Үүний хүрээнд арав гаруй мянган мал хулгайлагдсан нь бүртгэгджээ. Нийт бүртгэдсэн гомдол мэдээллийн 80.5 орчим хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Мал хулгайлах гэмт хэрэг сар шинийн баярын үеэр эрс нэмэгддэг байна. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.