Өнөөдөр хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Хурлын талаар, “Хуваарийн дагуу МАН-ын бүлэг хуралдлаа. Энэ удаагийн хурлаар хоёр асуудлыг авч хэлэлцлээ. Монгол улсаас Австрали, Тайланд, БНСУ-д суух элчин сайд нарыг өнгөрсөн жил УИХ-аар зөвшилцсөн. Н.Чимгүүндарь, Б.Хурц, Б.Тэнгэр нарыг томилох асуудал жил гаруйн хугацаанд саатаж байгаа. Үүнд хэдэн шалтгаан бий. Тиймээс Гадаад харилцааны сайд дээрх гурван хүнийг буцаан татах шаардлагатай гэсэн саналыг тавьсны дагуу бүлгийн гишүүдийн олонх дэмжлээ. Хоёрдахь хэлэлцсэн асуудал бол УИХ-ын даргыг чөлөөлөх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг энэ долоо хоногт багтааж энэ батлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Пүрэв гарагт анхны хэлэлцүүлэг хийгдэнэ. Баасан гарагт хоёр дахь хэлэлцүүлгийг хийж батална” гэсэн юм.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Дараагийн УИХ-ын даргын томилгоо яригдсан гэсэн. Энд ямар хүмүүсийн нэр яригдаж байгаа вэ?
-УИХ-ын даргаар хэн томилогдох асуудал одоогоор яригдаагүй байна. Хууль батлагдсаны дараа энэ талаар ярина. Хууль батлагдсаны дараа УИХ-ын даргатай холбоотой асуудлаар гишүүд тогтоолын төсөл барина. Үүсээд байгаа нөхцөл байпдын талаар хоёр талаас ажлын хэсэг гарч уулзсан. Гэхдээ энэ дээр албан тушаал яригдаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье.
-Дараагийн сайд нарын суудал яригдсан уу?
-Эхлээд намын удирдах байгууллага хэлэлцэж санал нь бүлгээр ордог. Тухайн үед нь хэлэлцэж шийдвэрлэнэ.
-ЗТХ-ийн сайд болон БСШУС-ын сайд нарыг чөлөөлөх асуудал шийдэгдээгүй байгаа. Энэ дээр бүлэг ямар шийдвэр гаргаж байгаа вэ?
-Одоо Улсын Их хурал гацахгүй. Маргааш Эдийн засгийн байнгын хорооны хуралдаантай. Баасан гарагт чуулганаар Засгийн газрын гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ. Засгийн газрын хоёр гишүүнийг чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт багтаан шийдвэрлэнэ.