Хэдхэн хоногийн өмнө Хамарын хийдийн ойролцоо хятадын хөрөнгө оруулалттай нүүрс олборлогч компаний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцалсан билээ. Тусгай хамгаалалтай газарт олборлох эрхийг хэн өгсөн нь тэрхүү компаний үйл ажиллагааг зогсоосноос илүүтэй олны анхаарлыг татсан.
Анх 2007 онд “Оуяашиёоу” ХХКомпанид нүүрс олборлох тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон байна. Харин 2014 онд Хамарын хийдийн ойролцоох газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт бүртгэж авчээ.
Уг лицензийг олгосон 2007 онд одоогийн УИХ-ын гишүүн Л.Болд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажилласан 2004-2008 оны үетэй таарч байгаа юм. Тэгвэл энэхүү мэдээллийн талаар УИХ-ын гишүүн Л.Болд мэдээлэл хийж өөрийгөө энэхүү зөвшөөрлийг олгоогүй, тухайн үед АМГТГ-ын дарга бус кадастрын газрын дарга өгдөг байсан гэж мэдэгдсэн юм.
Тэрбээр цааш нь “Монгол Улсад хяналтгүй лиценз олгох байдал хамгийн дээд цэгтээ хүрч байсан тэр үед би энэ ажлыг авсан. Ажил авсан даруйдаа би хоёр том шинэчлэлт хийсэн. Нэгдүгээрт, улсын төсвийн, монголын ард түмний мөнгөөр хайгуул хийсэн, ялангуяа стратегийн хайгуул хийсэн ордуудыг бүгдийг нь төрийн мэдэлд авах энэ ажлыг хийсэн..
Хоёрдугаарт, тухайн үед зөвшөөрлийг агентлагийн дарга бус Кадастрын газрын дарга өгдөг байсан. Тэр байж болохгүй тогтолцоог өөрчлөх, лицензийг замбараагүй олгож байсныг өөрчилсөн. Тухайн үед үе үеийн сайд нар Кадастрын газрын даргыг тавьдаг байсан. Сайдын мэдлийнх байсан. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга бол байгууллагын үйл ажиллагааг хариуцахаас лицензтэй хамааралгүй. Өнөөдөр энийг зориуд гуйвуулж, намайг хувьсгалт тэмцэл явуулж байгаа учраас гутаан доромжлох зорилгоор ийм явуулга явуулж байна.
2009 онд энэ лиценз хүчингүй болсон байгаа биз. Бидний бодлогын хүчинд хүчингүй болсон. 2017 онд дахин олгогдсон. Тэрийг судал. Дуртай хүн нь дуртай газраа лиценз авдаг тогтолцоог өөрчилсөн. Тиймээс 2009 онд лиценз хүчингүй болсон байгаа биз. Тэр лицензийг би олгоогүй” гэж мэдэгдлээ.