Өчигдөр /2019.02.01/ Нийслэлийн төр захиргааны V байрны НИТХ-ын дэргэдэх Иргэдийн танхимд “100 айлын барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг”-ээс санаачлан тухайн байршил орчмын барилгын материалын захын бизнес эрхлэгчид, иргэдтэй уулзалт арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын барилгын барилгын материалын зах, худалдааны төвийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, болон НХТЕТГ, НАЗГХ, НМХГ, НГА, НГХДБГ-ын удирдлага, албаны хүмүүс оролцлоо.
Уулзалт арга хэмжээг нээж Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга үг хэллээ. Тэрбээр “Энэхүү уулзалтын гол зорилго нь та бүхэнд 100 айл орчимд хийгдэх ажлуудын талаарх үнэн бодит мэдээллийг та бүхэнд хүргэж, мэдээлэл солилцох, та бүхний санаа оноог сонсох явдал юм” гэв.
Уулзалтад Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр хороололын дэд бүтцийн газар, Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн паркийн төлөөлөл оролцож, иргэдэд хандсан мэдээлэл хийлээ.
Эдгээр мэдээллийн агуулгаас дурьдвал 100 айлыын уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх 1.6 км авто замыг бүрэн шинэчлэж засварлахтай холбоотой 3.45 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн, зураг төсөл нь батлагдаж, 2019 оны 05 дугаар сараас 7 дугаар сард багтааж барьж дуусгахаар төлөвлөсөн. Мөн Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркыг Налайх-Чойрын авто замтай холбох 4.6 км замын ажлыг эхлүүлэхтэй холбоотой 1.8 тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэсэн, тус паркийн цахилгаан хангамжийн мэдээллийг хүргэлээ.
Мөн уулзалтаар Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк, Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, нийслэл хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрууд илтгэл танилцуулж, оролцогчидод мэдээлэл өглөө.
Барилгын материалын худалдаа үйлчилгээ, бизнес эрхлэгчдийн зүгээс илтгэл таницлуулсан албан тушаалтнуудаас сонирхсон асуултаа асууж, 100 айлын барилгын материалын жижиглэн худалдааг нүүлгэн шилжүүлнэ гэхээс илүүтэй орчин үеийн барилгын материалын худалдааны болон эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангасан, иргэдэд ээлтэй үйлчилгээг хэрэгжүүлэх тал дээр анхаарч өгөхийг хүслээ. Түүнчлэн 100 айл орчимд үйл ажиллагаа явуулдаг тусгай сургууль, цэцэрлэг эмнэлгийн удирдлагууд барилгын материалын худалдаанаас үүдэлтэй орчины бохирдол, авто машины зогсоолгүй байдал, ил задгай бие засах явдал удаа дараа гардгийг шийдвэрлэж өгөхийг холбогдох албан тушаалтанд хандан гаргалаа.
Ажлын хэсгийн зүгээс эдгээр асуудлыг судлан, холбогдох байгууллагуудад уламжилахаа илэрхийллээ. Уулзалт арга хэмжээнд оролцсон худалдаа үйлчилгээ, бизнес эрхлэгчид үнэн бодит мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонсон, судлан шийдвэрлэхээ илэрхийлсэн ажлын хэсгийн хамт олонд талархалаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ