Төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор бүртгүүлэх учиртай. Энэ жилийн ХОМ-ээ мэдүүлэх хуулийн хугацаа дуусахад тавхан хоног үлдсэн гэдгийг АТГ-аас анхааруулж байна. Энэ талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 33600 мэдүүлэг гаргагч нар цахим системд мэдүүлгээ оруулаад баталгаажуулсан байна. Одоогоор улсын хэмжээнд явц 84,1 хувьтай үргэлжилж байна. Энэ жилийн хувьд 280 орчим төрийн өндөр болон бусад албан тушаалтан ХОМ-ээ гаргаж, бүртгүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 149 төрийн өндөр дээд албан тушаалтан хөрөнгөө мэдүүлсэн байна. Явцын байдал 53,1 хувьтай байна” гэлээ.
Хүндэтгэх шалтгааны улмаас ХОМ-ээ гаргаж өгөөгүй бол сануулах арга хэмжээ авдаг гэнэ. Харин удаа дараа хожимдуулсан бол гурван сарын турш цалинг 30 хувиар бууруулах, мэдүүлгийг худал мэдүүлэх болон огт гаргаж өгөөгүй бол нийтийн албанаас халах хүртэл арга хэмжээ авах хуулийн заалттай юм байна.