Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа.
Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарт холбогдох хэрийг хүлээн авч хянаад, Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар болжээ.
Хэргийг сануулахад, “Хөгжлийн банк”-наас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг шалгах явцад “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулгын зөрчилтэй үйлдэл илэрсэн байдаг. Тэрбээр ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 мянган ам.долларын авлига авсан хэмээн буруутгагдсан юм.
Дээрх хэрэгт Хотын дарга асан Э.Бат-Үүл, НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, “ТОСК” ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг нарыг албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон, Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэхүндэслэлээр шалгасан юм.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Э.Бат-Үүл нарыг яллагдагчаар татаж, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.