“Бидний цөөхөн Монголчууд” төслөөс өөрсдийн хийсэн бүтээсний “гэрч” болсон 1000 гэрэл зургийн үзэсгэлэнг “Zaisan Hill” цогцолборт гаргалаа. Дэлхийн бүхий л улсад монгол орноо сурталчилах энэхүү төслийг “Мөнхчулуун” сан, МҮОНРТ, Юнител групп хамтран хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Энэхүү төслийг хэрэгжүүлэгчид анх “түүх хийнэ” гээд гарч байсан бол өнөөдөр хоёр насныхаа ой дээр медиа, портал, телевиз, радиог бий болгож амжжээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй хамтарч “Бидний цөөхөн Монголчууд” сувгийг нээж Univision, DDSH –ээр дамжуулж “цөөхөн монголчууд”-даа хүргэж эхэлсэн бөгөөд одоо тэдэнд гуравхан аймагт очих л үлджээ. Тэдний мэдээллийн сайт монголоос гадна орос, англи, хуучин монгол бичгээр дамжин дэлхий даяар түгж эхэлсэн байна.
Тэдний энэхүү төслийг олон хувь хүн, байгууллага дэмжиж ажилласан бөгөөд нэг дор 1000 зургийг багтааж монголчууддаа хүргэх үүргийг “Zaisan hill” хүлээжээ. “Zaisan hill” рүү дөнгөж ороход өөрийн эрхгүй ханан дээрх зурагнууд харц булаана. Үзэсгэлэн гаргагчид “анх үзэсгэлэнгээ гаргахад 2500 хүн үзэж монголын рекорд болж байсан бол энд гаргаснаар эхний дөрөв хоногт 3000 гаруй хүн үзээд байна” хэмээн ихэд баяртайгаар хэлэв. Тэд энэхүү зургаа уламжлал ёсоор ГХЯ-д хандивлах гэнэ. ГХЯ эдгээр зургуудыг гадаадад байгаа элчин сайдын яамдад хуваан байрлуулж дэлхий даяар тойруулан монгол орноо гадаадад сурталчилдаг.
Төслөө үргэлжлүүлэхийн тулд тэд энэ жил БНСУ-д байгаа монголчууддаа хүрч ажиллахыг зорьжээ. Тэнд одоогоор монгол улсын 49.000 иргэн байгаагаас 30.000 нь эмэгтэй хүн байна. Бидэнтэй хамт монголын эмэгтэйчүүдийн байгууллага хамтран ажиллаж эмэгтэйчүүдийнхээ асуудлыг ярьсан, хөндсөн, шийдсэн, тэдэнд туслах ажиллагаа явуулахаар тогтжээ. Мөн энэ жилдээ багтаан Өвөрмонголын Баяннуур, Рашаан аймгуудад ажиллана. Дараа жилээс тэд АНУ-д ажиллахаар зорилго болгожээ.
Үзэсгэлэн гаргахад дэмжлэг үзүүлсэн “Оюуны ундраа” группын Маркетинг, борлуулалт хариуцсан ахлах менежер Л.Отгонцэцэг: “Манай групп нийгмийн хариуцлагын хүрээнд “Бидний цөөхөн Монголчууд” 1000 гэрэл зургийн үзэсгэлэнг хамтран зохион байгуулж байна. Энэхүү төсөл нь монголчууд бидний өнөөгийн өнгө төрх, аж байдлын талаар олон нийтэд хүргэх, хойч үедээ уламжлан хүргэх зорилготой олзуурхууштай төсөл байгаа учир дэмжин ажилласан. Үзэсгэлэн маань 2 дугаар сарын 28-ыг дуустал үнэ төлбөргүй үзэгчдэд хүрэх болно. Тиймээс сурагчид болон оюутнууд маань анги хамт олноороо ирж үзээсэй гэж хүсч байна” гэсэн юм.
Төслийг хэрэгжүүлэгчидийн гол зорилго бол арван жилийн дотор дэлхий даяар тархсан арван сая монголчууддаа хүрч монголынхоо түүхийг үнэнээр нь бичиж үлдээх юм гэж тодотгож байлаа.