Хаалга тогшиж байна. Сонгуулийн л сурталчилгаа биз хэмээн төвөгшөөсөн
байдалтай онгойлготол \”… дүгээр хорооноос явна. Сонгуулийн насны хүний
судалгаа авах гэсэн юм” гэж байна. За гээд гэртээ орууллаа.
-Танайд чинь сонгуулийн насны
хэчнээн хүн байна?
– Хоёр
– Гурав байсан нэг нь хаачив?
– Аан нэг нь Солонгост сурч байгаа.
– Тэгвэл сонгууль өгөхгүй юм
байна. Тийм ээ?
– Тэндээ өгчиж болдог байсан. Энэ жил болохгүй болсон юм байна лээ шд.
– Тэгсэн. Энэ жил гадаадад
байгаа Монголчуудын саналыг авахгүй байхаар болсон. Гэрийн хаягаа, сонгууль
өгөх байршилаа баталгаажуулсан уу?
–Интернетээр шалгаж үзсэн баталгаажсан байна лээ.
-Өө ашгүй. Манай залуус бүгд
ингээд сурчихвал бидний ажил ч хөнгөрөхгүй юу.
– Уг нь шалгахад асуудалгүй л юм байна лээ шд.
– Баярлалаа. Танайхаас хоёр хүн
сонгууль өгөх юм байна. Тийм үү? Баталгаажуулж байна аа. Бидний ажил юм хойно,
ойлгоно биз. Аан тийм, энэ сонгуулиар хэнд саналаа өгөхөө мэдэж байгаа юу?
-/энэ асуултыг ойлгосонгүй/ Хэнд саналаа өгөх үү?
– Өмнө нь ажиллаж байсан,
тойрогтоо танигдсан хүнд саналаа өгвөл дээр дээ. Шинэ хүмүүс ч мэдэхгүй, гарч
ирээд хийх цоо шинээр бүгдийг эхлүүлнэ. Аягүй бол сонгогдлоо л бол алга болоод
өгч ч мэднэ шүү дээ.
– Аан та нэг ёсондоо сурталчилгаа хийгээд яваа юм уу тээ?
-Тэгэж ойлгож болохгүй шүү. Би
өөрт ноогдсон үүргийн дагуу ажлаа хийж, хорооныхоо сонгуульд оролцох иргэдийг л
бүртгэж байна. Түүнээс таны саналд нөлөөлөх гэсэнгүй. Миний л хувийн бодол шүү.
За баярлалаа. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой.
Хорооны хэсгийн ахлагч бид
хоёрын дунд иймэрхүү яриа өрнөлөө. Нөхөр бүртгэл хийхийн хажуугаар эвтэйхэн
сурталчилгаа хийчихээд гараад явчихаж байна л даа. Бид ч яахав залуу улс. Учир
начирыг нь олоод хэл ам асуугаад өнгөрч байна. Харин гэртээ хүнтэй ярилцаж
суухын мөрөөс болсон ахмадууд хэсгийн ахлагчийн ярианд тархиа угаалгаад өнгөрч
мэдэх нь байна шүү дээ. Ер нь манайхан чинь төрийн хүн үгийг тушаал мэтээр
бодож явдаг нийгэмд хүмүүжсэн улсууд. Тиймээс хэсгийн ахлагчийн үг ямарч сонгуулийн
штабын уулзалтаас чинтэй тусч мэднэ.
Гэтэл энэ нь хууль бус үйлдэл юм. Тухайлбал, төрийн
албан хаагч, төр захиргааны байгууллагын ажилтан албан тушаалаа ашиглаж
сонгуулийн сурталчилгаа хийхийг хуулиар хориглосон байдаг. Гэвч хуульд яаж
зааснаар бус, удирдлагын өгсөн тушаалаар л төрийн албан хаагчид ажиллаж байна.
Тэдэнд тогтвортой орлого, найдвартай ажил хэрэгтэй. Энэ нөхцлийг бүрдүүлэхийн
тулд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлэх
шаардлагатай л даа. Харин үүнээс болж хууль зөрчигдөж байна. Тэр тусмаа
сонгуулийн сурталчилгааны энэ үеэр хууль зөрчих тохиолдол элбэг тааралдах нь
энүүхэнд.
Захын хорооноос эхлээд
дүүрэг, агентлаг, яам, төр засгаараа сонгуульдаж байгаа хойно үүнийг шүүмжлээд
ч амжилт үгүй. Аль нам гарахаас шалтгаалж, ажил амьдрал нь тодорхойлогдож буй
цөөхөн Монголчуудаа \”бөө”-лээд ч яах билээ.
Уг нь хуулиндаа төрийн байгууллага, албан хаагч нам эвслээс ангид байх
ёстой л гэж заадаг. Гэвч нам нь сонгуульд унавал дагаад л ажилгүйчүүдийн
энгээнд шилжих болохоор ажлынхаа хажуугаар сонгуульд сурталчилгаанд гар бие
оролцохоор аргагүйд хүргэдэг ийм л нийгэмд амьдарч байна. Төрийн байгууллага
нам, эвслээс хэзээ ангид болно тэр цагт л шударга ажиллаж эхлэх биз дээ.
А.Аюуш