Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн захирал Ө.Энхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Сургуулийн захирлыг яг ямар үндэслэлээр чөлөөлсөн нь одоогоор тодорхойгүй ч уг тушаал өнгөрөгч баасан гаригт гарчээ.
Одоогоор тус сургуулийг тэргүүн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ удирдаж байгаа гэнэ.
Хууль сахиулахын их сургуулийн захирлаас чөлөөлөгдөөд байгаа Ө.Энхтөр нь Хуульзүй, дотоод хэргийн сайдаар С.Бямбацогт ажиллаж байхад 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байсан аж. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж томилогдсоны дараа 2017 оны аравдугаар сард ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилогдсон бөгөөд ийнхүү жил гаруйн дараа дахин чөлөөлөгдлөө.