Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Автотээврийн Үндэсний Төв ТӨҮГ, автомашины улсын дугаарын үйлдвэр, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэлтийг хянаж буй Хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа.
Автотээврийн Үндэсний Төв нь улс, хот хоорондын ачаа, зорчигч, жуулчин, шуудан, тээвэрлэлт, автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох зэрэг долоон төрлийн үйл ажиллагааг явуулдаг.
Өнөөдрийн байдлаар Автотээврийн Үндэсний Төвийн мэдээллийн санд 970880 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 871350 автомашин, 99530 механизм, мотоцикл, үүний 501934 нь нийслэлд, 369692 нь орон нутагт бүртгэлтэй. 2018 онд авто ослоор 562 хүн нас барж, 20435 хүн бэртэж гэмтсэн харамсалтай тоо баримт ч байна. Энэ нь техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл, хариуцлагагүй жолоочийн үйлдэл, автозамын эвдрэл, гэмтэлтэй холбоотой юм.
Салбарын сайд тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, техникийн стандарт хангасан тээврийн хэрэгслээр үйлчлэх, чадварлаг мэргэшсэн жолоочийг сайтар бэлтгэх, орон нутгийн замын хөдөлгөөний хяналтыг илүү сайжруулах, камержуулах, зорчигч тээврийн хэрэгслүүдэд дохиолол, хурд хэмжигч, GPS төхөөрөмж суурилуулах, автотээврийн улсын үзлэгт орж буй тээврийн хэрэгслийн техникийн шаардлага стандартыг хуулийн дагуу чанд мөрдөж ажиллахыг чиглэл болголоо.
Таван толгой-Гашуун Сухайтын нүүрсний уурхайн тээвэр, зохион байгуулалтад онцгой анхаарахыг сануулж, “С” зөвшөөрөлтэй холбоотой болон тээвэр зохион байгуулалтын асуудлаар ойрын хугацаанд ажлын хэсэг томилж, тусгай журмаар зохицуулахаар боллоо. Түүнчлэн автомашины улсын дугаарыг шинэчлэх асуудлыг сайдын зөвлөлийн хурлаар цуцалсныг мэдэгдэв.