Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс өнөөдөр сонгуулийн асуудлаар мэдээлэл хийв. Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга УИХ-ын гишүүн Г.Уянга, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч болон хоёр намын удирдлагууд, гишүүд мэдээлэлд оролцож байр сууриа илэрхийлэв.
МНН-ын дарга О.Бум-Ялагч \”Миний нэр дэвшиж буй тойрогт ухуулагчдыг согтуу хүнээр хоёр ч удаа зодуулж, 19 самбар алга болсон\” гэсэн бол ТТЭНН-ын дарга Г.Уянга \”Манай эвслийн нэр дэвшигчид шударга өрсөлдөхөөр тангараг өргөж, зөвхөн үзэл бодол, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа.
Гэвч гүтгэлэг, бусармаг үйлдэл улам нэмэгдэж байна. Даваа гарагт тараана гээд гүтгэлэг бэлдээд сууж байгаа мэдээлэл ирсэн. Няцаалт хийх боломжгүйгээр гүтгэлэг тараана гэсэн үг. Маш их халдлага гүтгэлэг гарч байхад цагдаагийн байгууллага шалгахгүй байгааг гайхаж байна\” гэлээ.
Үүнээс гадна сонгогчдын нэрсийн жагсаалтад зөрчил гарч, 4 ам бүлтэй өрхийн хаягт 19 хүн бүртгэсэн, нэг иргэний нэрийн ард 14-15 хүн бүртгэсэн байгааг хэлж байв. Мөн санал тоолох автомат машиныг туршихдаа АН, МАН-аас бусад намуудын төлөөллөөс нэгийг ч оролцуулаагүйг шүүмжилж, өөрсдийн шугамаар олж авсан мэдээллээр туршилтын тооллогын дүн худлаа гарч буйг хэллээ.
Энэ мэт сонгуулийн луйврыг илт хийж эхэлсэн, саналын дүнд нөлөөлөх магадлалтай байгаа учир цаашид эрчимтэй тэмцэнэ гэдгийг ТТЭН эвслээс мэдэгдэв.