Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сүхбаатарын талбайн өмнөх машины зогсоол болгон ашиглаж байгаа газрыг олгосон захирамжийг цуцлаж, нийслэл газраа буцаан авч байгаагаа мэдэгдлээ.
-Энэ газар банкны барьцаанд байгаа нь үнэн үү?
– Өнөөдрийн байдлаар энэхүү 2.5 га газар 22.5 тэрбум төгрөгийн банкны барьцаанд байна.
-Анх энэ газрыг хэн гэдэг эрх мэдэлтэн гарын үсэг зурж хэнд олгосон байдаг вэ?
– Анх 2006 онд, Ц.Батбаярын үед одоогоос 13 жилийн өмнө төсөл сонгон шалгаруулалтын нэрээр олгогдсон. Энэ тухай шийдвэрт тухайн үеийн газрын албаны дарга болон Засаг дарга нар гарын үсэг зурсан байдаг.
-Үе үеийн Засаг дарга нарын буруу шийдвэрээс болж иргэд, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Энэ байдал хэзээ дуусах вэ? Та энэ асуудалд цэг тавьж чадах уу?
– Энэ асуудлыг бид цэгцлэх гэж оролдож байна. Газрыг ажил алба хашиж байгаа дарга нар нь олгочихдог, аж ахуйн нэгжүүд нь ажил хийнэ гэж аваад зориулалтын бусаар ашиглаж байдаг. Энэ газрыг олгосноос хойш арван жилийн дараа 2016 он хүртэл ямар нэгэн зориулалт бусаар ашиглаж байгаад машины зогсоол болгосон.
Энэхүү үйлдлийг хууль бус үйлдэл гэхэд ч хэцүү, хууль ёсны гэхэд ойлгомжгүй. Эцэст нь аж ахуйн нэгж нь ч хохирдог, албан тушаалтан нь ч алга болдог асуудал түгээмэл байна. Тэгэхээр аж ахуйн нэгж нь ч, албан тушаалтан нь ч шийдвэрээ эргэн харах ёстой гэж бодож байна.
-“UB констракшн” гэж ямар байгууллага байдаг вэ?
– Энэ компанийг нь би сайн хэлж мэдэхгүй байна. Олон жил барилга байгууламж барьж байгаа барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компани. Тэдэнтэй манай газрын албаныхан уулзсан. Тэдэнд танилцуулгаа хийж, мэдээллээ өгсөн.
-Одоо энэ зогсоолыг буулгах уу?
– Эхний ээлжинд бид өнөөдөр энэ газрынхаа асуудлыг цэгцэлж газар эзэмших эрхийг нь цуцлах шийдвэр гаргана. Энэ захирамжийнхаа дагуу газраа чөлөөлж авна. Дараа нь хийгдэх тохижилт, үйлчилгээг нийслэл өөрийн хөрөнгөөр хийгээд явна.
– Барьцаанд тавьчихсан байгаа 22.5 тэрбум төгрөгийг яаж шийдвэрлэх вэ?
– Энэ газрыг нийслэл аваагүй, тэр компани, банк хоёрын хоорондын л асуудал.
– Эзэмших гэрчилгээг 15 жилийн хугацаанд олгосон байна. Тэгэхээр хугацаа нь 2021 онд дуусна гэсэн үг. Төр шууд буцаан авч болж байгаа юм уу?
– Газар эзэмших гэрээндээ ашиглах зориулалт нь усан оргилууртай, газар доорх байгууламж барих байсан. Тэгвэл өнөөдөр энд усан оргилууртай газар доорх байгууламж байхгүй байна. Анх ямар материал цуглуулж, ямар тооцоолол хийж яаж энэ газрыг авсан гэдэг мэдээлэл нь ч байхгүй байна.
Яг энэ газрыг өөр зориулалтаар ашиглах боломж байхгүй. Гэтэл автомашины зогсоол болгоод ашиг орлого олоод явж байна. Энэ газар бол хаа сайгүй байдаг газар биш шүү дээ. Энэ газрын эрх өнөөдөр цуцлагдаж байгаа учир цаашид олон нийтийн ая тухтай амарч суух орчиныг бүрдүүлнэ гэж бодож байна.
-Нийтийн эзэмшлийн талбайг аж ахуйн нэгжид эзэмшүүлэх хууль байдаг юм уу? Ер нь эзэмших эрхийг нь олгосон өөр газар байдаг уу?
– Бид цааш нь асуудлуудыг нь шалгаж үзэж байна. Төв талбайгаас өөр олон газар ийм байдалтайгаар олгогдсон байдаг. Тэдгээр газрууд нь зориулалтынхаа дагуу ашиглагдаагүй, төсөл хөтөлбөр нь хэрэгжээгүй байдаг. Иймэрхүү газрууд олон байгаа. Бид хууль зөрчлөө гэж аж ахуйн нэгжүүдийг хохироохоос илүүтэй, хамтран ажиллаж асуудлуудыг шийдвэрлэе гэж хандсан. Гэвч тэдэнд хамтарч ажиллах бодол байхгүй байна. Асуудлыг жаахан үл тоох хандлагатай болчихож.
Үүнээс гадна урд талын цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй холбоотой захирамжууд 2006, 2012, 2016 онуудад гарсан байна. Газар олгож болно. Гэхдээ зориулалтын дагуу, хугацаандаа хийгдэхгүй байна.
Үүний дараа Нийслэлийн газрын албанаас уг газрын эзэмших эрхийг цуцалсан захирамжийг уншиж танилцуулсан юм.