Нийслэлийн Баянгол дүүрэгт орших “Castle” диско баарны үүдэнд 2017 оны арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө хэсэг залуус танхайрч, тэдний нэг болох С.Бямбацогт хэргийн газар сэлэм эргүүлж бусдын биед халдсан хэрэг гарсан.
Уг хэрэгт холбогдуулж түүнээс гадна Г.Ганхуяг, Б.Элбэгсайхан, А.Одмөнх, Ц.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 14:00 цагаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.
Энэхүү хэргийг Прокурорын байгууллагаас шалгаж үзээд С.Бямбацогт нарыг Эрүүгийн хуулийн 11.6-1, 16-2.1, 20.7-1-д зааснаар буруутгаж байгаа юм байна.
Тэдэнд яллахаар төлөвлөж байгаа хуулийн заалтуудыг хүргэе.
11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
16.2 дугаар зүйл. Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах
1. Хүүхдийг байнгын согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
1. Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.