“IFI” продакшны “The Mongolian Connection” кино Казахстан улсын кино театруудаар энэ сарын 3-ны өдрөөс эхлэн гарч эхэлжээ. АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг найман улсын уран бүтээлчид хамтран тоглосон тус киноны гол дүрд “IFI” продакшны жүжигчин Б.Амарсайхан, “Х Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, Азийн шилдэг жүжигчин Б.Цэцэг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн төгсөгч Б.Янжиндулам, Kaiwi Lyman, Sanjar Madiev, Zhandos Aibassov нар тоглосон юм.
“IFI” продакшны жүжигчин Б.Амарсайхан нээлтийн үеэр “Бид Монгол Улсынхаа кино урлагийн түүхэнд анх удаа албан ёсоор гаднын зах зээлд өөрсдийн хийсэн бүтээлээ амжилттай гаргаж, зорьж зүтгэж яваа үйлсийнхээ гарааг эхэлж байна. Энэ жимээр олон арван кино, уран бүтээлчид алхаж, Монгол кино дэлхийд нэр алдраа цуурайтуулах болтугай. Киноны баг хамт олон, бидэнд итгэл хүлээлгэсэн хөрөнгө оруулагчиддаа, хайрт ерөнхий продюсертоо чинь сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
“The Mongolian connection” уран сайхны кинонд АНУ болон Монголын цагдаа нар хамтран гэмт хэрэг илрүүлж байгаа талаар өгүүлдэг аж.