Өчигдөр МАН-ын Хяналтын хороо хуралдан нэр бүхий хоёр УИХ-ын гишүүнд хариуцлага хүлээлгэх шийдвэрийг гаргасан. Хэн ч байсан хийсэн алдааныхаа хариуцлагыг хүлээх ёстой. Намын бодлого алдаа гаргасан хэнд ч хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж байгаа. Үүнийг дэмжиж намын жирийн гишүүдийн зүгээс тэдэнд хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.
Гэтэл алдаа гаргасан хүнд хариуцлага тооцохоор шийдвэрээ гаргасан намын Хяналтын хорооны хурлыг намын удирдлагаас чиглэл авч энэхүү шийдвэрийг гаргасан хэмээн зориудаар мушгин гуйвуулж байна. Гэтэл намын Хяналтын хороо нь намын генсек бүү хэл, намын даргаас ч хүртэл үүрэг чиглэл авдаггүй, Их хурлаас томилогддог бие даасан бүтэц юм.
Гэвч ийм эрх бүхий байгууллагаас алдаа гаргасан хүмүүст хариуцлага оногдуулсан асуудлыг мэдсээр байж зориудаар иргэдийн төөрөгдүүлсэн мэдээллийг түгээж байна. Үнэндээ бол энэхүү хариуцлагын шийтгэл. Түүнээс хэн нэгэн хүний сонгуулийн тойргийг булаах гэсэн үйлдэл биш. Харин алдаа гаргасан хэн ч хариуцлага хүлээх ёстойг харуулж байгаагийн жишээ юм.
Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийг можаритор буюу томосгосон тойргоор явуулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өргөн бариад байгаа. Хэрэв энэ хууль батлагдвал булааж байна гээд байгаа тойргуудад асуудал үүсэхгүй гэдэг нь тодорхой харагдаж байна.
Тиймээс хорооны гаргасан энэ удаагийн шийдвэр бол алдаа гаргасан, хариуцлага алдсан гишүүдэд хүлээлгэж буй шийтгэлийн арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй. Ер нь алдаа гарсан хүмүүсийн толгойг илээд өнгөрдөг биш хариуцлага хүлээлгэдэг гэдгийг л ойлгоцгооё.