Өчигдөр Японы Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё Токио хотын сүмогийн ордонд өндөрлөсөн билээ. Энэ удаагийн башё нь шинэ хаан заларч, Рейвагийн тооллын эхний башё гэдгээрээ ихээхэн онцлогтой.
Мөн энэ удаагийн башён төгсгөлийн өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд сүмогийн ордонд зочилж, өөрийн нэрэмжит цомоо гардуулсан юм.
Харин үүнийг харсан Мэргэжлийн сүмо бөхийн холбооны 68 дахь Их аварга Д.Дагвадорж өөрийн нүүр хуудаснаа “Ананд жаахан хийморьтой үзмээр байна. Түрүүлэх боломж 100 хувь байсан. “Маягашира” зиндаа чанар муудсан байна шүү. Түрүүлээд Трампд Монгол эр хүний золбоотой бахтай сайхныг харуулах байсан юм. Тэр Ичкогийн байж байгааг, “Сүх далайтал үхэр амар” гэдэг шиг үнэн амар нэг хүн байна. Жаахан сэргэ л дээ. Жавхаатай үз л дээ. Бөхийн боорцог шиг цацаал явчих л даа” хэмээн сэтгэгдлээ бичжээ.