Домог мэт яригддаг байсан “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг бидний өмнө хөгшин өвгөний дүрээр гарч ирэхэд олон нийт “энэ хүн Монголын баялгийн эзэн гэж үү”, “энэ хүн хотын төвийн газрууд, банкнуудын хувьцаа эзэмшигч нэгэн гэж үү” хэмээн гайхан хүлээн авсан байдаг.
“Сахал” гэхээр л сициллийн мафийн толгойлогч шиг л хүн төсөөлдөг байсных тэр шүү дээ. Гэтэл хамаг баялгийн эзэн наранд гандсан хөрслөг бор арьстай, над шиг хувцасласан нөхөр байхаар бүгд л “мөн үү” гэж гайхах нь ойлгомжтой биз дээ.
Одоо хүн бүр Д.Эрдэнэбилэг гэх нууц ноёнтонг мэддэг боллоо. Хуультай улсад хэн ч хуулиас дээгүүр амьдарч чадахгүй. Хэзээ нэгэн өдөр хууль чамайг дуудаж, нуугдсан багийг чинь хуулна гэдэг энэ юм.
Гэвч хамаг бүхний эзэнг хорьж шалгаад эхэлтэл хуулийн салбарт байдаг бачим завхрал дахин давтагдах гээд байна. Манайд хууль дуудахаас өмнө гутлаа тослоно, зангиагаа зүүнэ гэж томрогсод олон. Гэтэл ганц сар хоригдоод амьтан болж, олон хууч өвчин нь сэдэрч, эрүүл мэндийн шалтгаанаар хорихын өрөөгөө эмнэлгийг өрөөгөө сольдог хачин завхралын тухай ярих гээд байна.
Олон хүн энэ завхралын ач тусыг эдэлж, ялтан бус цагаандсан нэгэн болж бидний дунд алхаж байна. Зарим нь бүр нөхөн сонгуульд нэр дэвших гээд улайрч явааг харж болно. Ноцтой, итгэмээргүй, үнэхээр ийм өвчин байдаг гэж үү гэж бодогдохуйц эрүүл мэндийн ноцтой шалтгаанаар манай хоригдож буй дээдчүүд өвчлөхийг нь яана гээч. Яалтчгүй хорихоос суллаж, эмнэлэгт хүргэхээс өөр аргагүй байдалд ортол өрөвдүүлж чадаж байгаа юм л даа, тэд.
Тэгвэл хамаг бүхний эзэн, “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг ч бас энэ замаар алхаж, эрүүл мэндийн шалтгаанаар хорих ангид бус эмнэлэгт асруулахаар болж байх шиг байна. Луйвар хийхдээ өвдөөгүй бие, хариуцлага хүлээхдээ өвдөнө гэдэг чинь эрүүл мэндийн шалтгаанаар ял завших гэсэн оролдлого л гэж харагдаж байна. Анхнаасаа л тэр бидэнтэй танилцахдаа сул дорой өвгөнийн дүрээр гарч ирсэн шүү дээ…
Гэмт хэрэг хийсэн, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, дийлдэшгүй “хулгайч”-ууд нь шоронд биш эмнэлэгт хэвтдэг завхрал манайд л бий. Ийм зүйл байгаа учраас тэр замаар “цагаан захтай хулгайч”-ууд шан татуулан алхасаар байна.