Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч хатагтай Колинда Грабар Китаровичтай уулзлаа.
Хорват Улсын Ерөнхийлөгч хатагтай Колинда Грабар Китарович Монголд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болж байгаад баяр хүргээд монголчууд саяхан үндэсний баяр наадмаа тэмдэглэсэн, ардчилсан чөлөөт орон гэдгийг сайн мэддэг гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчууд 1990 онд ганц ч цонх хагалалгүй тайван замаар ардчилсан нийгэмд шилжсэнийг тэмдэглээд улс төр, эдийн засаг, нийгмийн шилжилтийг нэгэн зэрэг хийсэн, үүгээрээ ч Киргизстан, Мьянмар, Афганистан зэрэг оронтой туршлагаасаа хуваалцдаг гэж байлаа. Мөн саяхан УИХ-ын сонгуулийг иргэдийн хурууны хээгээр, цахим төхөөрөмжөөр амжилттай явуулж, УИХ-ын шинэ бүрэлдэхүүн тангаргаа өргөн шинэ Ерөнхий сайдтай болсныг дурдсан юм.
Төсвийн байгууллагууд шилэн данстай болж иргэд хөрөнгө мөнгөний зарцуулалтад бүрэн хяналт тавьдаг болсон, том зах дээр нийслэлийн захиргаа газар түрээслэн иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг болсон зэргийг мөн дурдлаа.
Талууд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг уулзалтын үеэр тэмдэглэж байв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хорватын Ерөнхихйлөгчид Монгол оронд тавтай саатан морилохыг хүсэн ерөөв.