Дональд Трамп өнгөрөгч ням гаригт /2019.06.30/ Хойд болон Өмнөд Солонгос хоёр улсын цэрэггүй бүсэд Ким Жон Ун-тай гурав дахь уулзалтаа хийлээ. Энэхүү уулзалтад оролцох албан тушаалтнуудын нэрсээс АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны нэр хасагдсан байсан бөгөөд түүний оронд “Fox News” сувгийн нэвтрүүлэгч Такер Карлсон энэхүү уулзалтад оролцсон байна.
Ерөнхийлөгчийн хамгийн ойрын хүн болох Жон Болтоны нэр уулзалтаас гэнэт нэр нь хасагдсан нь анхаарал татсан бөгөөд тэрээр тухайн өдөр Монгол улсад хүрэлцэн ирсэн байна. Түүнийг ирсэн өдөр нь ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн Д.Даваасүрэн хүлээн авч уулзсан бол өнөөдөр /2019.07.01/ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүлээн авчээ. Энэхүү уулзалтаар түүний Монгол улс дахь айлчлал өндөрлөсөн бөгөөд өөрийн айлчлалын талаар твиттер хуудаснаа “Улаанбаатарт хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол Улс дахь эдийн засаг, аюулгүй байдлын хүрээн дэх дэмжлэг, нөөц боломжоо нэмэгдүүлэх талаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж, яриа хэлэлцээ хийх болно. Найрсаг дотно хүлээн авсанд баярлалаа” хэмээн жиргэжээ.
Гэхдээ түүний энэхүү гэнэтийн айлчлалын талаар дотоод, гадаадын хэвлэлүүд өөр өөр өнцгөөс харж байгаа бөгөөд түүний нэр хасагдсан явдлыг өнгөрөгч хоёрдугаар сард Ханойд зохион байгуулагдсан Д.Трамп, Ким нарын уулзалтыг бүтэлгүйтсэнтэй холбон үзэж байгаа аж. Тиймээс ч БНАСАУ түүнийг хамгийн гол “хор найруулагч” хэмээн үздэг бөгөөд олон улсын ажиглагчид АНУ Ираны харилцаа хурцдаж байгаа нь түүнтэй холбоотой хэмээн үзжээ.
Мөн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “Яг үнэндээ би Дональд Трампын эргэн тойронд байгаа хүмүүсээс айж байна. Хүйтэн дайны хэт даврагч үзэлтэн, түүний зөвлөх Жон Болтон. Галт зэвсэг, мансууруулах бодисын худалдаачин байсан Эллиот Абрисс, Хүйтэн дайны үеэс эхлэн тагнуул хийж буй Тагнуулын төв газрын төлөөлөгч Майк Помпео зэрэг тойрон хүрээлэгчдээс нь айж байна. Ийм хүмүүс Дональд Трампын зөвлөхөөр ажиллаж байгаа үед юу болох нь тодорхой” хэмээн ярилцлагадаа дурдаж байсан юм.