Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Тост, Тосон бумбын ордтой холбоотой асуудлаар Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон холбогдох газруудын удирдах албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.
Энэ үеэр Ерөнхий сайд хууль бус замаар Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулах эрх авсан “Сауд гоби” компани болон тус ордод үйл ажиллагаа явуулахаар бэлдэж буй 3-4 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг Уул уурхайн сайд Д.Сумъяабазарт үүрэг болголоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өвлийн тэсгим хасах 30, 40 градусын хүйтэнд 30 мянган хүн Сүхбаатарын талбайд жагссаныг битгий мартаарай. Энэ хүмүүс Монгол Улсад шударга ёс тогтоож өгөхийг хүсэж жагссан. Ард түмний хүсэлт, итгэл найдварыг бид нар хуулийн хүрээнд хариулах үүрэгтэй. Тиймээс хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан “Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоо.
Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ? Энэ лиценз анхнаасаа хууль зөрчиж олгогдсон гэж би ойлгож байгаа. Ерөнхий сайд хувьд би энэ асуудлаар та нарт 2-3 удаа үүрэг даалгавар өгсөн. Энэтэй холбогдоод байгаа тэр УИХ-ын гишүүн Чойжилсүрэн гэдэг нөхөрт би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж ханадаггүй шунал вэ? Эх орны газар сэндийчээд, ард түмнийг бухимдуулаад, хувьдаа ашиг олно гэж УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй байх гэж би бодож байна.
“Сауд гоби”-гийн зөвшөөрөл хуурамчаар олгогдсон байна. Энийг хэрэг үүсгэж шалга. 370 мянган тонн нүүрсний хулгайн хэрэг яасан бэ. Жилийн өмнө үүрэг өгсөн. Шалгаж байна л гээд байгаа. Үр дүн нь хаана байна вэ.
Байгаль орчны сайд өнөөдөр Ашигт малтмалын газартай Тост, Тосон бумбад ашигт малтмал олборлож буй газрын лицензийг цуцал, үүрэг өглөө шүү. Машин, техникийг нь журамла. Цагдаагийн дарга газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд хээл хахууль өгөх гээд байгаа асуудлаар Тагнуулын ерөнхий газрын дарга хэрэг үүсгэж шалга. Нөхөн сэргээлтийг нь хийлгэ.
Энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг” гэв.