Агаарын тухай хууль, Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хорих тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах зорилгоор оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчлан тогтоож, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээнд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны наймдугаар сарын 14-ний хамтарсан А/433-А/820 дугаар тушаал захирамжаар шинэчлэн баталлаа.
Энэхүү журмаар сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтыг иргэдэд хүргэх зохицуулалт, тухайлбал агаарын чанарыг сайжруулах бүсийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд шаардлагатай сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийн асуудлыг Эрчим хүчний яам, түүний нийлүүлэлт, борлуулалтын сүлжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцахаар томъёолж өгсөн. Мөн дулаан үйдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн өөрөөр хэлбэл халаалтын зуух эрхлэгчдийн үйлдвэрийн нормативын дагуу түлшний хэрэглээг нь тооцож түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүхий нүүрс хэрэглэхийг зөвшөөрсөн хороодын хэрэглээг сар бүрээр тооцож, тухайн нутаг дэвсгэрт байгаа иргэн, хуулийн этгээдийн хэрэгцээт түлшний тээвэрлэлтийн зөвшөөрлийг тухайд хороодын засаг дарга нарын тодорхойлолтыг үндэслэн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар олгохоор тус тус заасан.
Хяналтын арга хэмжээний зохион байгуулалтыг төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга, холбогдох чиглэлийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч нар иргэд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны орон тооны бус ажилтан, хэсгийн ахлагч нартай хамтран хяналт тавьж гэм буруутай этгээдэд Агаарын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулна.
Агаарын чанарыг сайжруулах журам нь иргэн, хуулийн этгээдийн дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоох, хариуцлага ногдуулах, хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тодорхойлох, оролцогч талуудын эрх, үүргийг тогтоох улмаар агаарын тухай болон бусад холбогдох хууль, засгийн газрын шийдвэрийг нийслэлд хэрэгжүүлэхэд оршино.