Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг бөгөөд анх удаа Форумын Бага хурлыг эх орондоо зохион байгуулж байна.
“Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор явагдах Улаанбаатарын бага хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” гэсэн дэд сэдвээр хэлэлцүүлэг болно. Мөн бизнес эрхлэгчдийн уулзалт, Улаанбаатар хотын нэрэмжит хүлээн авалт, Бэсрэг наадам, Монголын аж ахуйн нэгжүүдээр зочлох зэрэг арга хэмжээг зохион байгуулан Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх боломж, Монголын түүх, соёлын уламжлалын талаар гадны зочид төлөөлөгчдөд танилцуулах аж.
Бага хуралд Монгол улсыг төлөөлж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан зэрэг албан тушаалтан оролцож байгаа бол Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана зэрэг өндөр албаны хүмүүс оролцож байгаа юм.
Мөн Монголын бизнес зөвлөлийн дарга Б.Бямбасайхан, Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөлийн дэд дарга Мөн Сяосу зэрэг Монгол, Хятад болон бусад орны бизнес эрхлэгчдийн төлөөлөл 250 орчим хүн оролцож байна.