Н.Лүндэндорж: Шүүхийн шинэтгэл мөнхийн сорилт туулж явдаг

1104 2017/03/14 0


Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгууд дахь нийт 12 шүүхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын тайланг тавьж, шүүгч ажилтнууд болон иргэдтэй уулзаж шүүхийн шинэтгэлийн бодлого, үр дүн, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар тайлбарлан таниулсан ШЕЗ-ийн дарга, доктор, профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржийн албан томилолтыг төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжиллаа. Тэдний нэг болох Сүхбаатар аймгийн "SB” телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

- Холоос зорьж ирж, ховор бөгөөд үнэ цэнэтэй лекц уншсан Профессор таньд талархал илэрхийлье. Албан айлчлалынхаа зорилгоос бидэнтэй хуваалцана уу?


- Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгчид, хууль сахиулагчдад зориулж "Хууль тайлбарлах онол, арга зүй” сэдвээр лекц уншлаа. Миний бие Сүхбаатар аймгийн шүүхийн үйл ажиллагаатай 3 дахь удаагаа ирж танилцаж байна. Албан томилолтын маань гол зорилго бол Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн бодлого ямар нөхцөл шалтгааны улмаас хийгдэх болсон, түүний хэрэгжилт, үр дүнгийн талаар хялбаршуулсан лекц уншиж, тэдний санал хүсэлтийг сонсох байсан. Харамсалтай нь Сүхбаатар аймагт хорио цээр тогтоосны улмаас иргэд, олон нийтийг цуглуулж уулзах боломж энэ удаад гарсангүй. Гэвч малын халдварт өвчин үргэлж гарсан хэвээр байхгүй нь мэдээж. Тэр үед би дахин ирж, Сүхбаатарчуудтай шүүхийн шинэтгэлийн талаар илэн далангүй ярилцана гэж бодож байна. Шүүхийн шинэтгэл, шударга шүүхийн асуудал бол шүүх тойрсон хэдэн хүний ажил байдаггүй. Энэ бол хүн бүрийн ажил амьдрал, айл болгоны орлого зарлага, сурч байгаа оюутны төлбөр, авч байгаа цалин, идэж байгаа хүнсний үнэ өртөг, амт чанартай салшгүй холбоотой байдаг гэдгийг олон нийт төдийлөн онож боддоггүй явдал байдаг. Энэ талаар би Сүхбаатарчууддаа тайлбарлан таниулж, шударга шүүхийн төлөө иргэн бүр анхаарч, хяналт тавих ёстой, ингэж байж бид амь амьдрал, эрх чөлөөнийхөө баталгаа болсон хараат бус шүүхийг тогтоох ёстой юм гэдгийг хэлэлцэж, шүүхийн шинэтгэлийн үр дүн, цаашид анхаарах асуудлуудын талаархи санал бодлыг нь мөдхөн хорио цээр тавигдсаны дараа дахин ирж сонсохоо цэнхэр дэлгэцээр дамжуулан амлаж байна.

 

 

- Монгол орны нийт шүүхүүдээр тойрч, иргэдтэй уулзсан энэ том аяныхаа талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?


- Миний бие Монгол улсын нэг сая таван зуун мянган хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэр дээрхи 21 аймгийн 18 аймгийн иргэдтэй уулзаж, шүүхийн шинэтгэлийн үр дүнгийн талаар тайлбарлан таниулж, энэхүү реформыг хэрхэн ойлгож мэдэрч байгаа талаархи санаа бодлыг нь хангалттай сайн сонссон. Энэ 18 аймгийн иргэд, олон нийтийн санаа бодолд тулгуурлан дүгнэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэл эх орны маань өнцөг булан бүрт хүрч, олон түмний талархлыг хүлээсэн ажил болж байгааг би өөрийн биеэр олж мэдэрлээ. Үүнээс гадна нэг зүйлийг заавал хэлэх ёстой. Шүүхийн шинэтгэл гэдэг бол ямар нэг эсэргүүцэлгүй, хоёр гуравхан жилд баттай үр дүнд хүрчихдэг амар хялбар ажил огт биш. Шүүхийн шинэтгэл эрх мэдэл, хөрөнгө чинээтнүүдтэй тэмцдэг, мөнхийн сорилт туулж явдаг ажил учраас шүүмжлэл, эсэргүүцэлтэй байнга тулгарч байдаг. Тийм учраас шүүхийн шинэтгэл өргөс авсан юм шиг эхлээд, маргааш нь бүх шүүгчид ариун шударга болчихсон байж байдаг гэсэн хялбар дүгнэлтийг хийж болохгүй. Хэдийгээр бид сүүлийн 3 жилд шүүхийн шинэтгэлд 10 үр дүн гаргалаа гэж үзэж байгаа боловч хийснээсээ илүү хийх маш олон ажил хүлээж байгаа. Ялангуяа шүүгчдээ чадваржуулах, хуулийг зөв тайлбарлан хэрэглэх мэдлэг туршлагад сургах, улс төрийн болоод хөрөнгө чинээтнүүдээс хамгаалах гэх мэт олон асуудал бидний өмнө байгааг тэмдэглэж хэлэхийг хүсч байна.

 

 

- Шүүхийн шинэтгэлд иргэд хэр ам сайтай, сэтгэл ханамжтай байна вэ?


- Шүүхийн шинэтгэл хийгдсэнээс хойш шүүхэд итгэх иргэдийн итгэл хөндлөнгийн судалгаагаар өндөр хувьтай гарсан. Миний явж уулзсан орон нутгийн иргэд, олон нийтээс тухайлсан шүүх, шүүгчийн талаар шүүмжлэл гарч байгаагүй. Одоо цагт иргэн хэн ч, хэний ч өмнө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхээ эдэлж чаддаг нийгэмд Монгол орны өргөн уудам нутаг даяар иргэдийн шүүхийн үйл ажиллагаанд өгч байгаа үнэлгээ ийм байгаа нь шүүхийн шинэтгэлийн үр дүн. Харин ч иргэд "Шүүх шударга ажиллаж, иргэн миний эрхийг хамгаалж байхад шийдвэр нь биелэгдэхгүй байна. Тиймээс шүүхийн шинэтгэлийг цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэйгээ хамтад нь цогцоор хийхгүй бол шинэтгэл доголон болох нь” гэж бодитой санал уламжилж байсан. Гэвч шүүхийн шийдвэрт нэг нь баярлаж байхад, нөгөө нь гомдож байдаг учраас шүүхэд ард түмэн 100 хувь сэтгэл ханамжтай болно гэдэг ойлголт аль ч улс оронд байдаггүй. Гэхдээ ерөнхий гол нуруу, шүүхийн бие даасан байдал бодитой хангагдаж байвал болж байдаг гэсэн стандарт олон улсад бий. Энэ жишгээр харвал Монгол Улсын шүүх хаалттай байсан бол өнөөдөр нээлттэй болсон нь хэн ч маргашгүй үнэн юм. Шүүх дагнаж мэргэшиж чадсан нь сүүлийн 3,4 жилд хийгдсэн хэн ч үгүйсгэшгүй үр дүн. Шүүгч шүүн таслах үйл ажиллагааны төрлөөр дагнан мэргэшихийн үр дүнг шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлж байгаа хүн бүрийн эрх ашиг илүү нарийн түвшинд хамгаалагдаж байгаагаар харж болно. Шүүгчид нөлөөлдөг, хараат бус байдалд нь элдвээр дарамт шахалт үзүүлдэг хүмүүс болон хуулийн этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцдог боллоо. Үүнээс гадна шүүх эрх мэдлийг нөгөө хоёр эрх мэдэлтэй тэнцвэржүүлэх тал руу том алхам хийсний үр дүнд шүүхийн эдийн засаг дэд бүтэц, тоног төхөөрөмж зэрэг олон зүйлийг шинэчилж чадлаа. Шүүхийн хүний нөөцийн шинэтгэлд Монгол Улсын шүүх эрх мэдлийн түүхэнд урьд өмнө байгаагүйгээр орон тоог нь 60 хувиар нэмэгдүүлсэн. Өнгөрсөн 3 жилд шүүгчдийн эгнээг орчин цагийн мэдлэгтэй 150 шинэ шүүгчээр нэмэгдүүлсэн явдал бол шүүгчдийн ачааллыг бууруулахаасаа гадна шүүхийн хүний нөөцийн шинэтгэлд том дэвшил болсон гэх мэтийн ололтыг тоочин хэлж болно. Дахин хэлэхэд шүүхийн шинэтгэл байнга тасралтгүй хийгдэж байх ёстой, нэлээд цаг хугацаа шаардсан, эсэргүүцэл тэмцэл ихтэй, шулуун дардан ажил биш гэдгийг ард түмэн маань ойлгох байх гэж найдаж байна. Ингээд Сүхбаатарчууд та бүхэнтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзах болсон энэ завшааныг ашиглаж, санаа бодлоо хуваалцсандаа таатай байна. Та бүхэнтэйгээ дахин уулзахын ерөөл тавья. Баярлалаа.

 

 

- Ярилцсанд баярлалаа.






 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?