АН-ын дотоод дахь сүүлчийн зодоон

1138 2017/04/20 0

 

 

Фракцуудын дажинд сөхрөх шахсан АН сонгуулийн ялагдлаар л байдал бишдээд байгааг олж харсан. Тэд шинэчлэл нэртэй зүйл өрнүүлж, баахан сунгаа явагдсан. Намын даргаа хүртэл бяцхан хэмжээний сонгуулиар сонгоод авсан. Намын даргынх нь сонгууль бүх гишүүдээ биш юм аа гэхэд нэлээд хувийг нь хамруулж чадсан сонгууль болсон гэж ойлгож болно. Харамсалтай нь энэ нэлээд гишүүд нь бүгд АН-ын үнэт зүйлсийг ойлгодоггүй бололтой.

 

Ямар сайндаа "АН-ын даргад хэн ялсан бэ гэхэд МАН ялсан гэх” явган шог гарч байхав дээ. С.Эрдэнэ баруун төвийн үзэл баримтлалтай гэх намдаа огт тохирохгүй зүүн төвийн бодлого баримталж явдаг нэгэн. Хамтын тэтгэвэр зэргээс өгсүүлээд мань эрийн санаачлан сэдсэн гэх нийгмийн халалмжийн бодлого олон. Өөрөө нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд хийж байсан тул иймэрхүү юм сэтгэж байсан байж болох ч улсын төсвөө дарамтад оруулах зүйлийг олон нийтэд таалагдах гэж сэтгэсэн гэсэн нь арай үнэнд нийцэх болов уу. За ингээд намын даргаар нь БГД-тээ хэмжээлшгүй эрхт хаан мэт заларсан С.Эрдэнэ сонгогдсон. Зарим нэг мэдээллээр С.Эрдэнэ нам дотор олж авсан эрх мэдлээ дархалах санаатай үйлдлүүд хийгээд эхэлсэн гэж хүртэл яригдаж байна. Ямартаа ч С.Эрдэнэ АН-ын түүхэнд анх удаа намынхаа олонх гишүүдэд таалагдсан дарга гэж хэлэгдэх бүрэн эрхтэй үйл явцын дүнд сонгогдсон. С.Эрдэнэ АН-ын хувьд хэр сайн дарга вэ гэдгийг тун удахгүй болох ерөнхийлөгчийн сонгууль шалгаад өгнө. Энэ удаагийн сонгууль АН-ын дотоодод тун ширүүхэн өрсөлдөөнтэй болох нь гарцаагүй боллоо. Ерөнхийлөгч гэх суудлын төлөө энэ намаас нэр дэвших санаархалтай этгээдүүд бараг арав хүрч байна.

 

Энэ бол фракцуудын зодооны хөлд шарахтан унаж, ахин босох гэж хичээн буй намын хувьд тун их тоо. Нөгөө талаас энэ нам одоог хүртэл нэгдмэл биш байгаагийн маш тод илэрхийлэл. Ингэж ерөнхийлөгчийн суудлын төлөө бөөн бөөнөөрөө гүйх шалтгаан ч олон бий. Тухайлбал Х.Баттулга МТЗ-ын хэрэгт шалгуулахгүйн тулд аврал хайн ерөнхийлөгч болох гэж үзэж байна. Тэрээр Г.Уянгад нам байгуулж өгч ганцхан суудал авчих горьдлого тээн ерөнхийлөгчийн алба мөрөөдсөн нь талаар болсон. Өнөөдөр тэр АН-аас л нэр дэвших боломжтой хоцорсон. АН-ын томчууд тэр дундаа Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Эрдэнэ нар нь түүнийг дэмжинэ гэж итгэхэд жаахан хэцүү. Гэхдээ боломжийг нь бас үгүйсгэх аргагүй. Харин Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржийн "шударга бусын хонгилд” чихүүлсэн найз нөхөддөө өршөөл үзүүлэх эрийн жудаг гаргах үүрэг хүлээсэн нэгэн. АН-аас ерөнхийлөгчид нэр дэвшиж чадахгүй бол МАХН-аас нэр дэвшиж мэднэ гэсэн яриа ч гадуур гарсан. Үнэн бол Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёр аль хэдийн тохироогоо хийсэн биз. Баабар бол ХХБ, Голомт банк, Ц.Элбэгдорж болон тэр хавийн хүмүүсийн эрх ашиг төлөөлж яваа. Хар зүрхээрээ ерөнхийлөгч болохоор мөрөөдөн суугаа хүн бол АПУ-ийн Г.Батхүү л байна. Гэвч тэр өрсөлдөх эсэх шийдвэрээ хараахан гаргалгүй, нөхцөл байдал, үйл явдлыг харан сууж байна. Магадгүй ийм олон нэр дэвшигчтэй өрсөлдөх хэцүү санагдаад өрсөлдөхгүй ч байж мэднэ. Харин нам дотор нь түүнийг баталгаатай дэмжих хүн хэр олон байгаа вэ гэдэг л чухал.

 

Ж.Батзандан намын даргадаа ялалт байгуулсан бол Р.Амаржаргалыг ерөнхийлөгчийн сонгуульд дэмжинэ гэж мэдэгдэж байсан. Р.Амаржаргалд учиргүй хайртай даа ч биш. Энэ нам бүү хэл Монгол орон даяар Р.Амаржаргалыг ерөнхийлөгч болоход дэмжих магадлал өндөр тул нэр хүндтэй нэгнээр өөрийгөө дөвийлгөх гэсэн оролдлого. Харин Р.Амаржаргал өөрөө дэвших эсэхээ мэдэгдээгүй л байна. Г.Батхүүтэй адил байдлыг ажиж суугаа биз. Түүнээс ялгаатай нь Д.Дорлигжав ерөнхийлөгч болоод зогсохгүй ерөнхийлөгчийн засаглалтай болох нууцхан хүсэлтэйгээ мэдэгдээд авсан. Б.Чулуудай хүүгийнх нь оффшор данс, хотын дарга хийж байсан он жилүүд, С.Зориг агсны хэрэгт нэ холбогддог шивэр яриа гээд олон зүйлээр ерөнхийлөгч болох магадлал бага ч Э.Бат-Үүл мөн нэр дэвших санаархалаа илэрхийлсэн. Нөхөрлөл нь нэг л өдөр толгойг нь цусдах шиг болоход тэрээр Ц.Элбэгдоржтой дайсан болсон. Өнөөдөр Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн суудлаас буухад зөрөөд гарах зорилго агуулан буй нь багийн шаралхүү Э.Бат-Үүл атаманы гол зорилго болсон гэхэд ч буруудахгүй. Хачин сайн хүүгийн дүрээр Б.Чулуудай "Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон нь ч энэ ажлынх нь эхлэл байж мэднэ.

 

Эдгээрийн араас З.Энхболд, Д.Ганхуяг, Лу.Болд гэсэн нэрнүүд ч чихнээс гадуур өнгөрсөнгүй. З.Энхболдын хувьд намаа ялагдуулсан буруутан гэгдэх тул арай ч ерөнхийлөгчид зүтгэх том зориг гаргаж чадахгүй байх. Харин ардчилсан хувьсгалын анхдагчуудын нэг гэдэг үүднээсээ хоёр ч салбарын сайд хийж байсан туршлага, нөлөө бүхий бизнестэй том тоглогч зэрэг бүхий л үзүүлэлтээрээ Лу.Болд нэр дэвших, түүнийг нэр дэвшүүлэх асар өндөр сонирхол байгаа. Энэ олон нэр дэвших санаархалууд бол АН-ын сүүлийн зодоон хорин оны сонгууль хүртэл энэ сөрөг хүчин эв нэгдэлтэй дүр эсгэн сууна. Хэрвээ ерөнхийлөгчид Х.Баттулга, Н.Алтанхуяг нар сонгогдчихгүй л бол шүү дээ. Намын их хурлаас чухам хэнд нь ерөнхийлөгчид нэр дэвших эрх бэлэглэнэ тэр хүртэл дажин үргэжлэнэ. Үнэндээ энэ нам шинэчлэгдэж чадахгүй. Фракцууд байгаа цагт шинэчлэл гэсэн элдэв сунгаа том үр дүн авчрахгүй. Фракцуудыг устгаж чадах аавын хүү одоогоор лав АН-д байхгүй нь үнэн.


С.Амаржаргал


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?