Бидний бэлчээр бидний асуудал байхаа больсон

9824 2017/04/28 3

 

 

Малын тоо толгой хэтрээд үр дүнд нь бэлчээр талхлагдаад дуусаж байгаа талаар "Хөдөө” тийш анхаарал хандуулагсад, анхаарал хандуулагч мэт харагдахыг хүсэгчид их ярих болжээ. Өнөөх олон жилийн турш Монголын номер нэг эдийн засгийн салбар байж ирсэн ХАА, тэр дундаа мал аж ахуй, бүр нарийндаа хэт дур зоргоор өссөн малын тоо толгойноос болоод бэлчээр маань сүйдэж байгаам байх. Алдаа болгоныг өөрөөсөө зайлуулах дуртай Монгол хүн өнөө бүр малдаа буруугаа тохох болоо юу даа ч гэж бодогдмоор. Нөгөө талаас нарийн ширийнийг нь эс тооцон "ХАР УХААНААР” сэтгэвээс, дэлхийд хэмжээгээр 19-д орох өргөн дэлгэр нутагт бэлчээрлэх газар мундмааргүй ч юм шиг санагдана. Ямартаа ч бэлчээрийн хөндүүр нь төрийн хэмжээнд хүрснийг санаваас асуудал байгаа нь лавтай...

Мэргэжилтнүүдийн томьёолсноор "Бэлчээр” нь зөвхөн газрын гадарга дээрх ургамлын бүрхэвч биш. Малын тооны өсөлт, ашиг шимд шууд болон шууд бусаар нөлөөлөгч газрын хотгор гүдгэр, уур амьсгал, ус, хөрс, нарны гэрэлтүүлгийн тусгал, ургамлын бүрхэвч, зэрэг байгалийн иж бүрдлүүдийн нийлбэр цогцос юм. Энэ утгаараа "нутаг” хэмээх уламжлалт ойлголттой дүйнэ хэмээжээ. Амьд байгалийн экосистемийн үндэс ч гэж дүгнэсэн болох юм. Бэлчээрийн асуудлыг улс төрчид холын зүйл гэж хардаг бол, малчид харин өөрсдийн бэлчээрлэх талбайгаас цааш бусдын асуудал гэж ханддаг. Бодит байдал дээр бэлчээрийн доройтол амьд байгалийн экосистемийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж, байгалийн төрөл бүрийн амьтан ургамлыг мөхлийн эрмэгт хүргэдэг юм байна. Бэлчээрийн доройтлоос болж олон арван зэрлэг амьтан нутаг сэлгэн нүүхээс аргагүйд хүрдэг. Хэдийгээр бэлчээрийг нөхөн сэргэх боломжтой гэж үздэг боловч нэгэнт устаж үгүй болсон ургамал амьтныг хүн төрөлхтөн байг гэхэд Монголчууд нөхөн сэргээж чадахгүй нь ойлгомжтой. Уг нь бэлчээрийн менежмент гэж нэг ойлголт байдаг ч харамсалтай нь гадаад үг орсон чамин нэр томьёоноос илүү гарч амьдралд хэрэгждэггүй бололтой. Бэлчээрийн менежмент гэж бэлчээр ашиглалт, хамгаалалт нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих цогцолбор арга хэмжээ,  нутгийн захиргаа, малчдын хамтын ажиллагааг хэлдэг бололтой юм билээ. Ямартаа ч цаасан дээр тэгж буусан байна. Цаасан дээрээ буусныг амьдралд хэрэгжүүлэхэд онол практикийн зөрүүнээс эхлээд, нутаг нугын үе дамжсан өс хүртэлх олон саадтай тулгардаг байна.

Асуудал

АНУ-ын алдарт танин мэдэхүйн Дисковри телевизийн сувгаар хүний хүнсний хэрэглээ дэлхий ертөнцөд хэр зэрэг хохирол учруулж буй талаарх баримтат кино гарч байна. Кинонд Израилийн газрын гүний усаар услаж байсан газар тариалангийн тойргууд, МАА өндөр хөгжсөн орнуудын бэлчээрийн талхагдалын талаар үзүүлнэ. Хамгийн сонирхолтой нь тэдгээр бэлчээрийн талхагдалд өртсөн орнуудаас шалтгаалан огт мал аж ахуйгүй ширэнгэн ойн экосистемд хүртэл өөрчлөлт орж буй тухай нүдэнд харагдтал үзүүлж байх юм. Хэдхэн жилийн дараа Монголчуудаас болж манайд асуудал үүслээ гэж аль нэг улс гарч ирэхийг байг гэх газаргүй тийм л жижигхэн дэлхий юм санж. Бэлчээрийн талхагдал одоохондоо бидний асуудал байгаа энэ цаг үед л зөв замаа олмоор байна.

Монгол улсын нийт бэлчээр 113 сая га талбайг эзэлж байна. Дэлхийн дулаарал болоод цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй цөлжилтөөс шалтгаалан бэлчээрийн нийт талбайн хэмжээ жил ирэх тусам улам буурсаар иржээ. Ганцхан жишээ дурдахад 1964 оноос хойш Монгол улсын нийт бэлчээр бараг 9.5 сая га талбайгаар хорогдсон байдаг. Гэхдээ бэлчээрийн хорогдолд малын өсөлт, малчны хүнийрхүү сэтгэлгээ, уул уурхайнхны хайгуул, олборлолт, зарим тохиолдолд газар тариалан хүртэл нөлөөлдөг. Бэлчээр ашиглалтын прогнозоор өнөөгийн манай бэлчээрийн нийт талбай болох 113 сая га-д 76,4 сая мал бэлчээрлэх боломжтой ажээ. Эндээс бид одоогийн нөхцөлд хангалттай хүрэлцэхүйц бэлчээрээ зүй зохистой ашиглаж чадахгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Зүй зохистой ашиглахад хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. 2002 онд батлагдсан "Монгол Улсын Газрын Тухай” хуулийн шинэчилсэн найруулгын 6-р бүлэг, 52-р зүйлд "Бэлчээр, түүнийг зүй зохистой ашиглах, хамгаалах” тухай зарим нэгэн зүйлс нэр төдий тусгагдсан байдаг. Энэхүү зүйлд багтсан заалтууд дунд бэлчээрийн харилцаа, түүнээс үүдэн гарах маргаан, бэлчээрт учирсан хохиролыг нөхөн төлүүлэх талаар тодорхой тусгагдсан зүйл бараг байдаггүй. 2010 онд УИХ-ийн гишүүн Р.Буд, П.Алтангэрэл нарын нэр бүхий гишүүд санаачлан мэргэжлийн байгууллага, эрдэмтэдтэй хамтран "Бэлчээрийн тухай” хуулийн төслийг боловсруулсан боловч өнөөг хүртэл батлагдаагүй байна.

 Бэлчээрт бэлчээрлэх мал нь хувийн өмчид байхад бэлчээрийн  газар нь төрийн мэдэлд байдаг нь бэлчээрт хайр найргүй хандахад нөлөөлж буйг мөн үгүйсгэх аргагүй юм.

Бид

Хүн төрөлхтөн гол төлөв хүнсний зориулалтаар 15 мянга гаруй жилийн өмнөөс зэрлэг амьтан гаршуулан тэжээж иржээ. Эндээс л төв Азийн нүүдэлчин бидний соёл, сэтгэлгээний түүх эхэлдэг. Нүүдлийн мал аж ахуйг олон мянган жилийн турш хөгжүүлэхдээ Монгол малчин мал сүргийн бүтэц, бэлчээр ашиглах, сэлгэх, байгаль хамгаалах цогц ойлголтыг бий болгосон байдаг. Монголын малыг хоёр зуун сая хүргэх хүсэлтэй Сталины үеэс Монгол мал маллагааны уламжлал бага багаар алдагдаж эхэлжээ. Гэхдээ учиргүй дордчихсон гэсэн үг биш. Социализмын эрин үеийн нэгдэл гээч нь Монгол малчдад дор хаяж мал эмнэлэг, тариа туулга, үржлийн зоо техникч, ашиг шим нэмэгдүүлэх гэх мэтчилэн олон ойлголтыг бүрэн мөсөн таниулсан ачтай бол харин ардчилал малыг малчинд нь хувьчилж өгсөн гавьяатай. Чухам мал хувьд шилжсэн энэ л үйл явцын ачаар Монголын мал түүхэндээ анх удаа 50 сая хүрсэн билээ. Ингээд бэлчээрийн даац хэтрэх нь тэр. Харамсалтай агаад хачирхалтай нь мал тавин сая хүртэл өсөх явцад мал маллагааны уламжлалт арга ухаан бараг мартагдах шахжээ. Үүний үр дүнд бэлчээрийн зүй зохисгүй хэрэглээ гаарсан байна.  Өнөөгийн малчид мотоциклоор малаа хариулж, сүргийн бүтцийн талыг шахуу ямаа эзэгнэж, бэлчээр булаацалдан буун дуу гаргацгаахдаа тулсан тухай ч сонсогддог. 2014 оны улсын мал тооллогын дүнгээс харахад Монгол улс 51,9 сая толгой мал тоолсноос ямаан сүрэг 22 саяд хүрч байгаа нь нийт сүргийн дөч орчим хувийг эзэлж байна. Монгол малчин бүр ямаан сүргийн тоо толгой ихсэх нь байгаль орчинд ихээхэн халтай гэдгийг мэддэг хирнээ эдийн засгийн үр өгөөж, ноолуурын үнээс улбаалан өсгөх сонирхол давамгайлах болсон. Судалгаанаас үзэхэд монгол ямаа жилдээ 600 кг өвс дунджаар идэж байгаа нь 90 орчим мянган төгрөгийн зарлагтай байна гэсэн үг. Харин малчид арьс ширээ зарж борлуулаад нэг ямаанаас 15 мянган төгрөгийн ашиг олдог ажээ. Нэг ямаанаас дунджаар 300 грамм орчим ноолуур авдаг нь зах зээлийн үнэлгээгээр 15-25 мянган төгрөг болно. Энэ үүднээсээ бэлчээр устгагч ямаа маань тийм ч өндөр ашигтай мал биш гэж үзэх хүн ч байдаг.

Хүмүүн гэгч  зэрлэг амьтан гаршуулан тэжээж эхэлсэн нь анхнаасаа л хүнсний зориулалттай байсан. Зөвхөн идэх гэж, элдэв янзын тансаг хэрэгцээг хангах гэж л малыг өсгөдөг. Гэхдээ "Идэхэд” учир бий. Учиртай "идэж” сурсан улс үндэстэн хүртэл байх юм. Энд би "идэх” гэдгийг ерөнхий утгаар ёгтолж хэрэглэж байгаа юм шүү. Монголын малчдад мянгат болох гэсэн зорилго байдгаас биш хоёрын дайтай нэгийг бий болгох гэсэн ойлголт хол хаягдсан. Өнөөх л малын чанар яриад байна гэсэн үг. Малчид мянгат болох гэж л үзэж тарна. Мянгат болчихвол харин асуудал нь ундарна. Бэлчээр нь хүрэлцэхээ больж эхэлнэ. Малын ашиг шим түүхий эдээ ч бүрэн авч чадахгүй байдалд хүрнэ. Эрэлхэг цэрэг Щвейкийн хэлсэнчлэн юм яаж ч муудсан сайжрах тийшээгээ ханддаг гэж, бас ч малчдын сэтгэлгээнд эхнээсээ эерэг ойлголтын үндэс соёолсон гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэд малаа өсгөхөөс илүүтэйгээр чанарт анхаарах, тоо толгойг нь тогтвортой барих нь чухал гэж үзэж эхэлсэн байна. Ихэнхдээ настайвтар, хал үзэж халуун чулуу долоосон малчид нь иймэрхүү хандлагатай байгаа бол харин залуу малчид хөндийдөө багтааж ядсан их малын хөл дор, баян тансаг харагдах хүслээ дарж дийлдэггүй нь анзаарагдана. Амьдралын үнэнд нэвчиж хэдэн үйлийн цаадтай сэтгэж сурсан хөгшид малын тоо толгойг барих, малын чанарыг дээшлүүлэхэд, малын хөлийн татвар их хэрэгтэй талаар ч ярьж байна билээ. Улс орны эдийн засаг хурцадсан энэ үед татвар ч хэрэгтэй л дээ. Залуус малчид татварыг дарамт гэж үзээд яасан ч өгөхгүй гэж гүрийж мэдэх л юм.

Зах зээл хумигдаж суурин газруудын махны хэрэгцээ буурсан, мах борлуулах хүндрэлтэй болж  мянгатуудын хэтэвч хоосон байгаа талаар хөдөөний малчид хэлж байх юм. Махны хэрэгцээ буурахаар мах нядлагдах нь буурна. Тэр хэрээрээ мал маань дахиад л өснө гэсэн үг. Угаасаа Монгол малчид төл бүрийг бүрэн авах гэж хичээдэг өнө эртний уламжлалтай. Нэгэнт дотоодын зах зээлд бүрэн борлогдож өгөхгүй, борлогдоод ч зах зээлээ давж өссөн малаа  гадаад зах зээлд гаргах асуудал сүүлийн үед их яригдах болсон. Гэхдээ Монголдоо багтаж ядаад байсан мал маань гадаад зах зээлд нэвтрэхэд бас л олон асуудал үүсдэг. Дам ярианаас сонсох нээ өнгөрсөн зун Монголд урд хөршийн томоохон гутлын үйлдвэрийн эзэн айлчилж иржээ. Манайхан ч гутлын үйлдвэрт нь арьс шир нийлүүлэх хүсэлтэй байгаагаа дуулгавал мань эр ихэд сонирхож бүр жилд 10 сая бодын арьс авахад бэлэн гэсэн саналаа ч хэлж. Ингээд л бидний ам таглуулах нь тэр. Манайх яаж ч хичээгээд  жилдээ 10 сая бодын арьс нийлүүлж чадахгүй л дээ. Нөгөө их их гээд гайхуулах, ад үзэх хоёрын завсарт нэр дуурсагдаж байдаг мал маань хятадын нэг үйлдвэрийг ч түүхий эдээр хангах чадваргүй байгаам гэж үү хэмээн гайхмаар. Гэхдээ энэ бол бодит үнэн. Дэлхийн хүн амын өсөлт, байнгын шилжилт хөдөлгөөн, хөгжлийн хурд зэрэг нь бүтээгдэхүүнийг хэт олноор үйлдвэрлэх боломжийг үйлдвэрүүдэд олгож, тэр хэрээрээ түүхий эдийг бэлтгэх шаардлага хөдөө аж ахуйнханд тулгарч байгаа. Гаднын орнууд үйлдвэрийнхээ тэр их хэтийдсэн гэмээр түүхий эдийн шаардлагаа МАА-гаасаа бүрэн хангаж чаддаг нь бас сонирхол татаж байгаа юм. Жишээ нь АНУ жилдээ 35 орчим сая үхэр нядалж махны болон арьс ширний хэрэгцээнд зориулдаг байна. Энэ мэт жишээ олон. Бразил, Энэтхэг хоёр 210 гаран сая үхэртэйгээр дэлхийд тэргүүлдэг. Пээш тэр  их үхрийг чинь хаанаа бэлчээрлүүлдэг байна аа гэмээр санагдаж байгаа биз. Урд хөрш хятад хүртэл 83 сая үхэртэй гэнэ. Энэ тоон дундаас л малыг эрчимжүүлэх нь үр ашигтай юм байна аа хэмээн харагдаад байгаа юм даа. Эрчимжүүлсэн мал аж ахуй нүүдлийнх байж болох юм. Мэдээж  Монголын газар нутгийн онцлог зах зээлийн бүтэц, ургамлын бүрхэвч зэргээс шалтгаалан сонгодог фермерийн аж ахуй хөгжөөд үхрийн тоо олон арван саяд хүрэх боломжгүй. Гэхдээ л чанаржуулж, нэг малын амьдын жин, ашиг шимийг нэмэгдүүлэхэд одоогийн байгаа малын тоог хангалттай хорогдуулж, махны эрэлт нийлүүлэлт ч тэнцвэртэй малчид ч хангалуун амьдрах боломжтой. Хамгийн гол нь бэлчээрийн дарамт багасаж тэр хирээрээ мал, малчин хоёрын сэтгэл тэнийж, УИХ, засгийн газрынхан илүүц зүйлд сонороо чилээлгүй дор бүрээ хуйвалдаанаа сэтгэл амар хийх нөхцөл бүрдэнэ. Бэлчээрээс хоол тэжээлээ хангагч нь угтаа мал биш хүмүүн бид гэдгийг олж харж сурах юм сан.

 Эцэст хэлэх хэдхэн үг

Юм бүхэн учиртай, тэр учиртай нь хүртэл учиртай гэж үг байдаг даа. Угтаа бол бүх зүйл хоорондоо холбоотой талаар хэлж буй үг юм. Хүмүүн гэгч хөхтөн амьтны зүйлээс ам тангараг тусгаарлаж байгалийн зүй тогтлыг сөрөн зогсож эхэлсэн тэр цагаас өлгий болсон "Эх дэлхий”-гээ мэрж идсээр өнөөг хүрчээ. Нийгэмшин амьдрах нь биднийг хамгийн хүчирхэг төрөлхтөн болгон хувиргахдаа бас хамгийн хувиа хичээгч болгон хүмүүжүүлсэн байна. Өнөөгийн бид нар өвөг дээдсийнхээ төсөөлж чадахаас хэд дахин олон төрлийн хоол зооглодог. Гэхдээ зоог болгон үнэтэй. Тэр үнэ нь зарим тохиолдолд хэдэн үеэ өлсгөлөн гуйланчлалд ч тулгаж мэдэх хэтэрхий үнэтэй байх нь ч бий. Бурхан минь бидний үйлдэл, үр хойчоо өлсгөлөн гуйланчлалд хөтлөх нүгэл бүү байгаасай!

С.Амаржаргал



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Малчинхүү
  • 2017/05/14 20:43
Энэ асуудлаар бүр одоохон арга хэмжээ авч эхлэхгүй бол ЦӨЛЖИЛТ хангайн нуруунд тулаад очсон шүү, Малын тоо толгой хэрээс хэтрээд удлаа, Адуу,ямаа,хонийг цөөлж чанаржуулах Төрийн бодлого хэрэгтэй байна
  • М
  • 2017/05/17 19:33
Тэд малаа өсгөхөөс илүүтэйгээр чанарт анхаарах, тоо толгойг нь тогтвортой барих нь чухал гэж үзэж эхэлсэн байна. Ихэнхдээ настайвтар, хал үзэж халуун чулуу долоосон малчид нь иймэрхүү хандлагатай байгаа бол харин залуу малчид хөндийдөө багтааж ядсан их малын хөл дор, баян тансаг харагдах хүслээ дарж дийлдэггүй нь анзаарагдана. Амьдралын үнэнд нэвчиж хэдэн үйлийн цаадтай сэтгэж сурсан хөгшид малын тоо толгойг барих, малын чанарыг дээшлүүлэхэд, малын хөлийн татвар их хэрэгтэй талаар ч ярьж байна билээ
  • Гидрогеологи инженер Хэнмэдэхэв
  • 2017/05/26 14:28
Бэлчээрийн даацын тухай ярихын тулд эхлээд малын тоо толгой, ургамалжилтын талаар биш "УС"-ны талаар ярих хэрэгтэй санагддаг юм. Учир нь одоо ашиглагдахаа байсан хичнээн га бэлчээр байгааг бодолцох ёстой. Дээр үед Усны йж ахуйн яам гэж байлаа. Тэр яам усны бодлогыг зангидаж Монголын газар нутгийн 60-70 хувийг усжуулсан байсан юм шүү. Гэтэл одоо усны бодлого байхгүй 4-5 яамны харъяанд тарж бутарсан байдалтай байгаа нь харамсалай

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?