Орчуулагч биш тогтолцоо буруутай

15851 2017/09/11 7

 

Сая Владивостокт болсон том арга хэмжээн дээр Ерөнхийлөгч Х.Баттулгын орос хэлний орчуулагч залуу том паакталсан тухай гадаад дотоодгүй, дээр доргүй шуугиад эхлэлээ. Хөөрхий зүс үл таних тэр залуу руу 'гар далайн заналхийлж' хариуцлага тооцоод хөөж явуулахыг сануулагсад ч цөөнгүй байх шиг.

Хэрвээ цаг завтай хүмүүс байвал Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг давтан сонсоод 3-5 өгүүлбэрийг яг алдаа мадаггүй буцаан хэлэх гэж оролдоод үзээрэй. Бараг л олонх нь чадахгүй болов уу? Эх хэл дээрээ байдал ийм байхад харь хэл рүү бэлтгэсэн сэдэв өгөгдөөгүй тохиолдолд тийм нарийн улс төр, эдийн засгийн нэр томьёог эвлүүлээд алдаа мадаггүй орчуулна гэдэг хэр баргийн аавын хүүгийн давдаг асуудал биш.

Энд миний олонтоо санаа зовнин өгүүлдэг 'Төрийн хэлний' асуудал дахин хөндөгдөж байгаа хэрэг. Угтаа бол төрийн хэмжээний энэ том арга хэмжээнд Монгол Улс дэлхий нийтэд өөрийн бодлогыг ойлгуулах сайхан боломж таарсан боловч ямар ч байсан жирийн Орос үзэгчид юу ч ойлгоогүй ээ сүлжээгээр гайхаад байхыг бодоход Путин Ерөнхийлөгч ч тоймтой ойлгосон зүйлгүй хоцроо буй за.

Би өөрөө орчуулагч хүн, бусад орчуулагч нарынхаа зовлонг бага сага гадарладаг хүний хувьд энэ удаа орчуулагч залууг өмөөрч, энэ тал дээр үйлчилж байгаа тогтолцоог шүүмжилмээр байна. Ер нь бол ийм асуудал миний бага залуугаас л байнга шахам гардаг нь хааяа нэг арга хэмжээн дээр оролцож байхад ажиглагддаг байсан. Зөвхөн орос хэлэн дээр төдийгүй манай хятад хэлнийхний хувьд ч тохиолддог асуудал юм. Бусад хэлний орчуулагчдын тухайд ч зовлон бэрхшээл адилхан байдаг байж таарна. Гол нь том арга хэмжээний өмнө сайд дарга нарын үг урьдчилж ирнэ гэж бараг байхгүй. Ирлээ ч цаг тулгаж байгаад ирдэг болохоор хальт гүйлгэж хараад орчуулах тохиолдол олон байдаг.

Миний тодхон санаж байгаагаар Хятадын ерөнхий сайд асан Вэнь Зя Бао даргын айлчлалын үеэр болсон хөрөнгө оруулагчдын чуулган дээр Хятадын ерөнхий сайд чихэвчээ аваад тавьчихаж байж билээ. Энэ нь 'Танай орчуулагч болохгүй байна шүү' гэдгийг дотор ухаанаар эвлэгхэн ойлгуулж байгаа хэрэг байж таарна.

Бид ч гэсэн ойр дотны хүрээндээ иймэрхүү асуудал байгааг мэддэг боловч сайндаа шүүмжлэн хэлэлцэхээс цаашгүй юм даа. 'Болдбаатар аа, чи намайг бодвол юм хум бичдэг хүн байна. Боломж байвал дээшээ уламжлаач. Саяхан нэг яамны сайдын орчуулгад хэдэн хятад дагаад орсон чинь нэг хөгжилтэй нөхөр орчуулга хийж байх юм. Хүн харахад хурдан түргэн ярина гэж жигтэйхэн. Гэтэл үнэндээ Монголын талын сайд 'Хоёр талын хүчин чармайлтаар бидний хамтын ажиллагаа урагштай сайхан хөгжиж байна' гээд хэлсэн үгийг '们好。你们好。我们都是好。' гээд л явчих юм. Арай дэндүү байгаа биз дээ?' хэмээн халаглан өгүүлж билээ. Үүнийг үгчлэх бөгөөс 'Бид сайн. Та нар сайн. Бид бүгдээрээ сайн.' гэсэн утгатай юм л даа.

Сая төрийн яамдын маш чухал арга хэмжээний орчуулгын материалыг Ханжоуд төгссөн нэг оюутан залуу орчуулсан гээд шууд гүүглдчихсэн над дээр ирснийг би нүдээ аниад өнгөрөөж чадалгүй өөрөө нойр хоолоо хасан байж дахин орчуулаад явуулж билээ. Тэр нэг удаагийн тохиолдол азтай юм гэж бодоход дахин тийм асуудал хичнээн олон гарч байгаа бол гээд бодохоор аймшигтай.

Энэ бүхнээс юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо үйлчилж байгаа төрийн орчуулгын тогтолцоог даруй өөрчилмөөр санагддаг. Орчуулагч нарыг өмнөд хөршийн жишгээр 1,2,3 дугаар зэргийн орчуулагч гэсэн зэрэг олгож мэргэжлийн түвшин тогтоох шалгалтаар уг зэргийг олгож болмоор. Тэр дундаасаа шигшээд 'Төрийн орчуулагч', 'Гүүш' цол олгосон ч яагаад болохгүй байх билээ? Энэ бол Монгол Улсад маань урьд өмнө байсан сайхан уламжлал юм л даа. Манай Ерөнхийлөгчийн Тамгын газар тавхан минутын хугацаанд начин цолны үнэмлэх бичээд олгочихож байгаа харагддаг. Өөрсдийнх нь хамгийн чухал ажил үүрэг байж мэдэх энэ асуудал дээр илүү нухацтай, шуурхай ажиллаасай билээ.

Сүлжээнүүдээр энэ асуудал шинэ Ерөнхийлөгчтэй холбогдон гарч ирж байгаа мэт төөрөгдөл яваад байна. Урьд өмнө амь бөхтэй байсаар ирсэн энэ асуудал харин саяын арга хэмжээн дээр илүү олон нийтэд ил тод илэрсэн хэрэг төдийхөн юм. Ер нь дэлхийн бусад улс орнууд төрийн орчуулгын асуудалдаа онцгой анхаардаг болсныг Трамп, Си Зиньпин нарын уулзалт дээр хоёр талаас хоёр хоёр маш сайн орчуулагч оролцож байснаас төвөггүй ойлгож болно.

Өмнөд хөрш 2 жил тутамд дотоодын 200 их сургуулиас төдий тооны шилдэг оюутнуудыг шалгаруулан 6 сарын англи хэлний маш эрчимтэй бэлтгэл хийлгэдэг. Тэднээсээ 60 хүнийг дахин шигшиж аваад 3 сар сургана. Тэр дундаасаа 6 хүн торойн хоцорсныг гадаад явдлын яамандаа ажиллах эрх олгодог. Тэгээд ч зогсохгүй эдийн засаг, соёл, шинжлэх ухаан хариуцсан дарга нарын орчуулга хийх гэх мэтээр төрөлжүүлэн ажиллуулдаг ажээ.

Тийм сайн бэлтгэгдчихсэн орчуулагч нар байгаа хэр нь төрийн тэргүүн, сайд дарга нарынх нь хэлэх үг 7 хоногийн өмнө бэлэн болоод орчуулагчийн гар дээр ирсэн байх заавар журамтай гэж байгаа. Түүний бичгийн болон аман орчуулгын ур чадварыг тусгай баг шалгаж баталгаажуулдаг тухай тэдний нэг төрийн орчуулагчийн бичсэн тэмдэглэлийг уншаад 'уйлах шахаж' билээ. Дээр нь хятадын дарга нарын орчуулагчаа ойлгож байгаа, цэгцтэй тод ярьж, хэрэгтэй үед түр зогсолт хийгээд хүлээж байгаа зэрэг нь төрийг төлөөлж, төрийн хэлээр ярьж байгаа хүний бас л нэг том ур чадвар юм даа. Бодвол дарга нартаа ч гэсэн энэ талын мэдлэг чадвар заадаг байж таарна.

Шинэ Ерөнхийлөгч та, саяын айлчлалаар ажиглагдсан энэ ноцтой асуудлыг анхааралдаа авч төрийн хэл, тэр дундаа төрийн орчуулгын үйлчилж байгаа одоогийн тогтолцоог боловсронгуй болгох тал дээр дорвитой арга хэмжээ аваасай хэмээн хүсэх байна. Тэгэхдээ мөхөс миний энэ бичлэгтээ дурдсан зарим нэгэн санаа оноог эрхбиш болгоон үзнэ буй за. Харин саяын арга хэмжээнд оролцсон залуу орчуулагчид 'арга хэмжээ' авбал урд хөл нь бүдэрсний төлөө хойд хөлийг ташуурдахтай ижил хэрэг болно шүү. Ер нь орчуулагч хүн иймэрхүү арга хэмжээн дээр энэ мэт паакталж байх нэг бодлын их зүгээр байдаг юм шүү. Миний хувьд нэг хоёроор тогтохгүй мэдэхгүй чадахгүй тохиолдол гарч байсан нь эргээд өдий зэрэгтэй өсөж дэвжихэд гол түлхэц болсон санагддаг юм.

Орчуулагч Б.БОЛДБААТАР


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Зочин
  • 2017/09/11 12:18
Орчуулагч ч гэхгүй ТӨРИЙН АЛБА-ыг завхруулсны гай л даа. Хаа сайгүй ТӨРИЙН АЛБА-нд тухайн салбарын хамгийн чадварлаг хэсэг нь хамгийн өндөр цалин, хангамжтай, баталгаатай ажиллаж байдаг. Гэтэл манайд энэ тогтолцоог үгүй хийснээс ТӨРИЙН АЛБА ч улам л дордоод байна. Би өөрөө ТӨРИЙН АЛБАН ХААГЧ учраас энэ асуудлыг маш сайн мэдэж байна. ТӨРД чадварлаг нь биш, гологдлууд нь орж ирж байна.
  • иргэн
  • 2017/10/02 14:27
Ерөнхийлөгч монголоор маш энгийн хэнд ч ойлгогдох үг хэлсэн,би монгол хүн маш сайн ойлгосон би орос хэл мэддэг харин оросоор юу ч ойлгоогүй. Айлчлал дээр хэлэх үг нь урьдчилан гарсан байдаг
  • bold
  • 2017/10/13 14:34
Mongol yalchihsan baihad ta yundaa hyamraav, amaa jimiigeed suuj bai
  • Зочин
  • 2017/10/17 12:12
2002 онд нэг удаа төслийн шугамаар швед явж байсан юм. Орчуулагч маань энгийн үе, хоол , байгууллагын танилцуулга г.м үед ойлголцуулаад л байдаг. Харин яг нарийн технологи үйлдвэрлэлийн тухайд ойлгоход бэрх болдог тэгээд нөгөө төслийн нөхөдтэйгээ зураг томьёо зурж бичиж ойлголцдог байж билээ. Сүүлдээ та зураад ойлгочихдог амар гээд бусдыг нь дагуулаад алга болно. Би чинь англи хэл мэдэхгүй нэг швед инженерийн зураг томьёо бичээд үлддэгсэн. Манай орчуулагч нар дарга нарыг дагуулж юм хар үзүүлэхэд болоод байдаг юм шиг байна лээ. Харин нарийн технолог энэ тэр байхгүй ээ. Манай дарга нар олон сэтгүүлч бизнэсмэнүүдтэй гадаад яваад ирлээ гэдэг нэвтрүүлэг энэ тэр зөндөө л гарч байдаг. Харин нарийн технологи энэ тэрийг асууж мэдсэн юмгүй л ирцгээдэг бололтой. Бидний үед техникийн орос хэл заадаг байлаа. Орчуулагч нар тухайн салбартаа мэргэшсэн байх хэрэгтэй. Хөгжил энэ тэртэй ч холбогдож байна шдээ. Ойр зуурын хэлний мэдлэгтэй орчуулагч гэж болохгүй. Ялангуяа төрийн томчуудын англиар ярьж гайхуулж байгаа нь бүр дэмий хөнгөхөн кофе уух зуурт тэр ангиараа ярьдаг л юм байгаа биз. Гэхдээ гар толгой хөдлөх төдийд улс төр шийдэгдэж байгааг анхаарах хэрэгтэй. Бид ямар гадаадын колони орон биш дарга нар нь нэг улсад оччихоод гадаад хэлээр ярих гээд л байх дэмий. Харин орчуулгыг сайжруулах тэднийг салбар бүрээр бэлтгэх хэрэгтэй. Оюу толгойн гэрээ ч гэсэн зөв буруу орчуулсан 2 өөр гээд байдаг шүү дээ.
  • china-s
  • 2017/10/21 21:05
'Бид яаж байна? Та яаж байна? Бид бүгдээрээ сайн
  • Zocchin
  • 2017/11/04 15:12
Unen unen, orchuulagch naraa urdchilj systemtei beltgedeg boloh heregtei,Hel saitai geed baigaa nehed maanu uls ornii ediin zasag, soyol, shinjleh uhaan, tuuhee meddegui yum shuu dee, Sain heltei baikhaas gadna olon taliin medleg bas chuhal tiimees orchuulagch naraa beltgej zereg devegeh heregtei Sain orchuulagchiin unelgee ender baig l dee, terni hireer yaj orchuulsan bol gej sanaa zovoltgu.
  • Зочин
  • 2017/11/12 10:16
Орчуулагч гэхээр л бүх салбарыг мэддэг юм шиг ханддаг буруу. Бид нар ч гсн эмнэлгийн юмуу инженерийн нарийн нэр томьёо хэллэгийн сайн мэддэггүйтэй адил. Энгийн ярих мэргэжлийн орчуулах хоёр газар тэнгэр шиг ялгаатай ойлгох хэрэгтэй. Орчуулагчдыг мэргэшүүлэх нь зөв. Үүнийг зовлон мэдэх хүмүүс л ойлгодог юм. Ярианы хэдэн үгээр өөрөө болон өрөөлийг үнэлдэг хүмүүс олон болжээ
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?