Хөөврийн голыг цалгиасан 2000 тэмээний баяр болов

2198 2017/10/12 0

Уулс тал нь цэнхэртсэн уудам налгар говийн чимэг
Ургах нарны өнгийн туяанд уусан ижилссэн эрдэнийн сүрэг
Хошуу аймгаараа тархан бэлчсэн ламын гэгээний улаан тэмээдээ
Хотол нутаг даяараа алдаршуулан тэмдэглэв ээ

Хонгор нутгаар овоглосон ламын гэгээний улаан тэмээний онцлог байдал, хэв шинж, түүнийг маллах уламжлалт зан үйлийг сэргээж олон нийтэд сурталчлан таниулах, түүнээс гарах ашиг шим, бүтээгдэхүүн үзмэрүүдээр дамжуулан бүс нутгийнхаа аялал жуулчлалын брендийг бий болгох зорилгоор "Ламын гэгээний улаан тэмээний баярыг Аймгийн Засаг дарга, Монгол хан экспедишн ХХК нарын санаачилгаар Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба. Баянлиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, , Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Боловсрол соёл, урлагийн газар, Хөгжимт драмын театр, Цагдаагийн газраас хамтран 10 дугаар сарын 4-5-нд Баянлиг сумын нутаг "Хөөврийн гол”-д амжилттай зохион байгууллаа.


 

Баянхонгор аймаг нь тэмээн сүргийнхээ тоо толгойгоор улсдаа хоёрт ордог бол Баянлиг сум аймагтаа 1-рт ордог. Говийн бүсийн сумдад дийлэнх байдлаараа ламын гэгээний улаан тэмээ тархсан байдаг бөгөөд тус тэмээ бүхий сумын тэмээчид Ламын гэгээний улаан тэмээний баяртаа оролцлоо. Нээлийн арга хэмжээнд МУ-ын хөдөлмөрийн баатар Ч.Сугар-Очир, 1400 орчим тэмээг өдгөө маллаж буй гавьяат малчин Ц.Шинэн тэргүүтэй тэмээн сүргээ маллах арга ухаанаараа олон түмний хүндлэл хайр хүндэтгэл хүлээсэн шилдэг тэмээчид болон Засаг дарга Г.Батжаргал, Монгол Хан экспедишн ХХК-ний захирал Ж.Өлзийбодьжав нар сайхан тэмээгээ унаж оролцлоо.

 

Энэ зун гантай байсан хэдий ч говь нутгийн хөрс усандаа дасан зохицсон тэмээ тэмээчин гэдэг өл даах чадалтай, өлчир давах чадвартай гэдгээ харуулах мэт налгар шаргал талдаа хоёр өдрийг хөөртэй хөлтэй өнгөрөөлөө.

 

 

Тэмээ тэмдэглэнэ гэдэг нь дээх нь үед тэмээчдийн хувьд их чухал зан үйл байжээ. Сайхан өдөр, сайн цаг нарыг сайтар тооцож байж сонгон авч бэлэг дэмбэрэлтэйгээр тэмээгээ гурилдаж тэмдгэлэн баяр хөөр болдог байж. Энэ нь өөрийн тэмээгээ бусад тэмээдээс онцлох, өсгөн үржүүлэх агуулгатай юм байна. Энэ сайхан зан үйлийг үргэлжлүүлэх үүднээс тэмээ тэмдэглэх ёсонг энэ удаа ийнхүү сэргээхийг тус арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс хүссэн нь олон түмэнд онцгой таатай байж зөв ажил арга хэмжээ гэж дүгнэв.

Тэмээ гурилдах баяр буюу Ламын гэгээний улаан тэмээний баяр нь

- Сайхан тэмээтэй хос шалгаруулах

- Хурдан тэмээний уралдаан

- Тэмээн жингийн цуваан

- Эмнэг тэмээ туйлуулах

- Тором буйллаж, тэмдэглэх ёсон

- Ингэ хөөсөлж, ботго авуулах зан

- Тэмээний тухай тууль хайлах

- Тэмээ өргөх зэрэг төрлүүдээр явагдаж хурсан олныг баярлуулан хараа мэлмийг баясгасан юм.

Хурдан тэмээний уралдаанд нийт 50 хурдан тэмээ уралдсанаас

Нэгдүгээр байр - Баянлиг сум Б.Түвшинзаяа /Хар тэмээ/

Хоёрдугаар байр – Баянговь сум Р.Ганзориг /Хүрэн тэмээ/

Гуравдугаар байр - Бат-эрдэнэ /Хар тэмээ/

Тусгай байр - Баянговь сум 4-р багийн малчин С.Галт /Бор тэмээ/

 

Баянлиг сум 3-р багийн малчин Ч.Баттулга /Бор тэмээ/ тус тус хурдалж уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа.


 

Сайхан тэмээтэй хосын төрөлд

Нэгдүгээр байр - Баянлиг сум 5-р баг Ж.Данзан, Д.Дашдулам

Хоёрдугаар байр - Баянлиг сум 3-р баг, Б.Улаанхүү, Даваа

Гуравдугаар байр - Баянлиг сум 2-р баг Т.Дашдаваа, А.Цэрэндолгор

Тусгай байранд - Баянлиг сум 3-р баг Л.Хүрэлтогоо, Ганчимэг

Баянлиг сум 4-р баг Н.Батчулуун, С.Цэрэнчимэд

 

Баянлиг сум 2-р баг Т.Даваахүү, Б.Оюунцэцэг нар шалгарлаа.


 

 Тэмээ туйлуулах тэмцээнд эр бяр ид хав нь бүрдсэн 13 залуу тус бүр нэг нэг эмнэг тэмээг сонгон авч туйлуулсан юм. Тэмээ туйлахад тогтвортой байдал, суулт, хугацаа зэргийг нь шүүгчид харгалзан тооцоод
Нэгдүгээр байр - Баянлиг сум 2-р багийн малчин Т.Даваахүү 
Хоёрдугаар байр - Баянлиг сум 3-р багийн малчин М.Түвшинжаргал 
Гуравдугаар байр - Баянлиг сум 2-р багийн малчин Т.Бадамдорж 
Тусгай байр - Баянлиг сум 2-р баг /Эмнэг сургалтын спортын мастер Т.Дашдаваа /, 
Баянлиг сум 3-р баг Б.Эрдэнэсүх нарыг эхний байруудад шалгарууллаа.

Баянлиг сумын тэмээчин, сумын заан М.Эрдэнэбаяр тэмээ өргөж  тэнхээгээ харуулсан нь үзэгч олон, зочид төлөөлөгч, дотоод гадаадын жуулчдын нүдийг хужирласан бол монгол эр хүний эр бяр, тамир тэнхээ хугасалж дундраагүйд бахдах, баярлах сэтгэл төрж байлаа.

Говь нутгийн ангамал хөрс бэлчээртээ үеийн үедээ дасан зохицож амьдарсан говийн тэмээ, тэмээчин гэдэг гадны жуулчдад их л сонирхолтой байлаа. Итали улсаас ирсэн эдгээр жуулчид бол дэлхийн томоохон гэрэл зурагчдын төлөөлөл ба монгол өв соёл, үндэсний уламжлал, ахуй түүхийн замаар танин мэдэхүйн аялал хийж яваа ажээ.

 

Нүүдэлчдийн ахуй гэдэг өөрөө олон мянган жилийн тэртээгээс улирч улбаалан ирсэн эдүгээ бидний үнэт өв юм. Энэ том өвийн нэг болох тэмээн жингийн цувааг хөдөлгөлөө. Тэмээн жингийн цуваа нар жаргахын алдад уул толгодын орой бэлээр хөтлүүлэн тэшүүлэх нь нар, байгаль эх, тэмээ, тэмээчин дөрвөлийн үлэмжийн сайхан хослол гэлтэй төгс сайхан үзэмжийг бий болгоно.


 

Энэ баярын үеэр Түүх угсаатны болон байгалийн музейн хамт олон говийн холбогдолтой эртний эд өлгийн үзмэрүүдээр үзэсгэлэн гаргасан зэргээр тус арга хэмжээг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд дор бүрнээ л олон ажил арга хэмжээг зохион байгуулж байлаа.
Мобайл технологийн төслийн хамт олон малчдад зориулж иж бүрэн эрүүл мэндийн шинжилгээ хийсэн бол Баянлиг сумын 2-р багийн малчин Цэрэнпилийн Баасанбат өөрийн хийсэн отрын иж бүрэн сууцыг малчин түмэндээ танилцуулав. Тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүнээр хийсэн цагаан идээ, гар урлал, эсгий эдлэл, үндэсний хувцас, Эхийн голын жимс жимсгэнэ, хүнсний ногооны зэрэг үзэсгэлэн худалдааг тус бүр гаргасан бол ХДТ-ын уран бүтээлчид бүрэн хэмжээний концерт тавьсан нь баярын үйл ажиллагаанд оролцсон зочид төлөөлөгчид, гадаад, дотоодын жуулчдад ая таатай байдлыг үүсгэсэн юм.

Энэхүү баярыг Монгол улсын аялал жуулчлалын бодлого төлөвлөгөөтэй уялдуулан, Баян-Өлгий аймгийн бүргэдийн баяр, ӨМӨЗО-ны Эзнээ хошуунд зохион байгуулагддаг Алтан Тооройн баяр, Өмнөговь аймгийн Элсний баяртай давхцуулан жил бүрийн 10 дугаар сарын эхний 7 хоногийн амралтын өдөр Баялиг сумын хөөврийн талд жил дараалан зохион байгуулахаар тогтож байгаа юм.

Эх сурвалж: http://bayankhongor.gov.mn/

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?