Б.Баттөгс: Төрд бичсэн захидал

873 2017/11/28 0

 

Төрийн төлөө боож үхсэн тал хээрийн хөх чоно би
Түмэн наст тулгар их заяат төр чамд 
Түнэр харанхуйгаас би үүнийг бичлээ

Янгуучилж чамд өвчин тоочиж яваагүй
Ядарсан ардынхаа түмэн гачлангаас
Тэвчиж болдоггүй тэрсэлсэн хилэнгээс
Төрийн нохойд чинь зуулгаж чамд
Би үүнийг илгээлээ

Өртэй юм шиг ээж минь чамд 
Өглөө болгон цацлаа өргөсөөр
Өргөсөн сүү нь тэргүүнд нь эргэсээр
Өдөр өдрөөр санчиг нь сортож хөгширлөө

Төрөө хүндлэ гэж аав минь зандарсаар
Таван малаа адгуулж амьдарсаар
Түмэн амлалтыг чинь надаас өмөөрсөөр
Таяг тулан аав минь хөгширлөө

Амьдралын эрхээр эгч минь зайлуул
Алс орныг зорьсон ч
Үхсэн амьд нь үл мэдэгдэж
Үлдсэн насыг нь тэнгэрт даатгасан
Чи сураглаагүй

Эхнэрээ санасаар нөхөр нь зайлуул
Эхүүн үнэртийг хүртэж яваад
Элэг нь хатуурч өвчин тусаад
Эмнэлгийн орон дээр амьсгаадан ёолон хэвтэж байна
Чи тэрийг ялласан

Чамтай хамт мэндэлсэн хонгор хүү нь
Чадал тэнхээтэй сайхан эр хүн болсон ч
Бурхан буян хоёр луугаа буу шагайсан
Бусармаг сэтгэлтэн болж өндийсөн
Чи тэрийг ялласан

Толгой гавлыг нь тасдсанаас болоод
Тал нутаг минь амьсгалах төдий байна
Голынх нь судасыг ханаснаас болоод
Галав юүлээд нутаг минь цөлжиж байна
Чи намайг мод тарь гэсэн

Хөгжил гэж чи олон жил хашгирлаа
Харийн соёлд нуруу холгон зүтгэлээ
Эгэл ардын итгэл дээр чи олон жил дэвхэцлээ
Эмтэрсэн сэтгэлээр бид шархалж хоцорлоо

Цацсан шагай шиг цөөхөн МОНГОЛчууд
Цагийн эрхээр харьд зүдэрлээ
Ясаа тавинаа нутагтаа очиж гэсэн
Ядруухан бодлоо тээж л явна тэд чинь

Өнгө тунамал хацар гоо охид чинь
Өнгөт луугийн оронд түм бумаараа байна
Өмөөрч харамлах төр чамайг хүсэмжилж
Өстөний чинь өвөрт хөлөрч хэвтэнэ
Чи даанч харамлаагүй

Агуу түүхтэй ЧИНГИСийн МОНГОЛчууд
Адгууснаас дор үнэ цэнэгүй явна
Алдаатай чиний хуурамч хуулинд 
Аргамжаатай ботго шиг бүртэлзэн эргэнэ

Ардчилалын буян гэж бүү эндүүрээрэй
Амьдрахын эрхэнд дөнгөтэй явна ард түмэн чинь

Эрх чөлөөт нийгэм гэж бүү андуураарай
Эвлэрлийн хүлээсэнд бэдэрч л явна түмэн чинь

Алтан төрийн исэр сэнтий гэдэг
Аливаа хүмүүний тоглоом биш
Арсалдаж хувааж, зооглон таргалах
Адгийн сэтгэлтэний зөөлөн жинтүү биш

Зул бөхөхийн алдад бадамладаг
Зовсон түмэн цөхөрхийн урьд тэрсэлдэг
Зөв ухаанаар удирдаж эс чадвал
Засгийнхаа хоолойд мэс хүргэдэг түүхтэй

Номгүй мунхаг юм даа гэж бүү басамжил ард түмнээ
Ноцохын өмнө дүрэлзэж мэднэ шүү
Дуусашгүй дундаршгүй гэж бүү төсөөл баялгаа
Дуусахын хавьд галав юүлнэ

Буцалсан цайнд гал нэмбэл дэврэх адил
Бухимдсан ард хилэгнэвэл тэмцэх учир
Буруу зөв хоёроо эс тунгаавал төр минь
Бурхан байсан ч чөтгөр шиг догширч мэднэ

Айл тарах вий гэж аав байдаг
Адуу сарних вий гэж азарга тавьдаг
Төр гэнэдэх вий гэж түшээд залардаг
Тархиндаа сайн тунгаан бодоорой

Нүцгэн хааныг хараад би хувцастай гэж хэлэхгүй
Нүгэл мөхлийн дэргэдүүр би нүдээ аниад өнгөрөхгүй
Харцын хүүхдэд хатуу заалттай хуулиас чинь би айхгүй
Харийн соёлыг шүтэж чам шиг би долигнохгүй

Ичих нүүрээ чи элгэндээ тэврээд
Идэж ууснаа та нар дансандаа хийгээд
Энэ цагт үгүй юмаа гэхэд 
Эрлэгийн үүдэнд бид чамтай
Эргээд заавал уулзах болно

Он цагийн урсгалд нэгэн хэмнэлээр явъя гэтэл
Орог саарал чоно цээжинд улиад болдоггүй
Орчлонгийн талыг би ганзаганаасаа чирч явсанаа санахаар
Омойтох араншин зүрхэнд дүрэлзээд амраадаггүй

Сохорын газар сохор биш нүдтэй явахыг л хүснэ
Доголонгын газар доголон биш хөлтэй байхыг хүснэ
Хөрс шороо газар нутагтаа эзэн нь байхыг хүснэ
Хэлсэн андгай тангарагтаа үнэнч явахыг хүснэ

Янгуучилж чамд өвчин тоочиж яваагүй
Ядарсан ард түмнийхээ түмэн гачлангаас
Түмэн наст тулгар их заяат төр чиний
Баруун сонорт чинь босоо МОНГОЛчууд хүргэж байна

Мөр мөрөөр бичсэн шүлэг минь
Мөч мөчөөр цаг хугацааг өртөөлж
Мөдхөн төр чиний сонорт хүрэх болтугай...
 
Минж Боржигон Батсайханы Баттөгс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?