Бохироор ундаалсан Алтанбулагт нэг нүдтэй хурга, үсгүй тугал гарах нь энүүхэнд

128213 2015/07/22 0

Энэ зургаас уншигч таны толгойд юу бууж байна?

Хүн малын ундаалдаг хатан Туулын ус гэвэл итгэх үү. Та энэ уснаас ууж чадах байсан уу?

Төв аймгийн Алтанбулаг сумаас 14 км зайд орших Туул голын дүр зураг ийм л нүд халтирам байна. Орчны уур амьсгал, үнэрийн хувьд бүр ч ярилтгүй хамар дарам өмхий ханхална.

Шалтгаан нь мэдээж тодорхой. Цэвэрлэх байгууламжаас голд цутгасан нийслэлийнхний бохир ус урссаар энд төвлөрдөг байх нь. Энэ бол 2007 оноос хойш цэвэр усны бараа харахаа байсан тус сумын Туул голын хамгийн бохирдолтой хэсэг.

Энэ бол 2007 оноос хойш цэвэр усны бараа харахаа байсан Алтанбулаг сумын Туул голын хамгийн бохирдолтой хэсэг.

"2007 оноос голын бохирдол эрс нэмэгдсэн. Тэр үед загас ихээр үхэж түүнээс хойш үзэгдэхээ ч байсан. Үнэр нь маш өмхий. Сүүлийн жилүүдийн шинжилгээний дүнг үзэхэд усны бохирдол нь хэвийн хэмжээнээсээ 3-4 дахин их байгаа. Ялангуяа дөрөв, тав, зургаадугаар сард илүү их бохирдолтой байдаг” гэж Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогч Н.Батмөнх ярив.

Анх 2008 онд хавар ус гэсэж цөн түрэх хугацаанд Туул голын Могойт, Таргилын бургас, Онгоцон тохой орчимд усны хаяагаар үхсэн загас олноор хөвөх болжээ.

Мөн тус суманд мал хээл хаях, эмгэгтэй төл гарах тохиолдол сүүлийн үед ихэссэн байна.

Тухайлбал, 2008 онд I багийн нутаг Шагайдгийн нүүртэд оршин суугч Р.Энхтайван, II багийн нутаг Өгөөмөрт Баянхангай сумын иргэн Н.Суурьтынд дөрвөн мөчгүй тугал, I багийн иргэн Сум-Очирын хотонд нэг нүдтэй хурга тус тус гарсан аж.Нэг нүдтэй хурга

Түүгээр ч барахгүй сүүлийн таван жилд малын гэдэс дотор хэвийн бус, сэвс нь хүн ойртохын аргагүй үнэртэй болсон талаар малчид ярьж байлаа.

Бохирдлын улмаас тухайн онд иргэдийг голын уснаас уухыг хориглохын сацуу малаа хэт бохирдолтой хэсгээс услахгүй байхыг зөвлөсөн ч зуншлага тааруу, гол ширгэж тасарсан энэ үед малаа услахаас өөр аргагүйд хүрдэг байна.

МАЛЧИД ЮУНД ҮГЭЭ БАРАВ?

"Зуншлага тааруу, ус нь бохирдолтой, амьдрахад тун хүнд байна” гэж замд таарсан Төв аймгийн Алтанбулаг сумын малчин болгон халаглаж байсан.

Малчин Ж.Энхтуяа: Туул гол өмнө нь хэчнээн тунгалаг байлаа даа

Малчин Ж.Энхтуяа: Туул гол өмнө нь хэчнээн тунгалаг байлаа даа

"Манайх энд нутаглаад 4-5 жил болж байна. Өчигдөр гол жигтэйхэн булингартаж хөөсрөөд байсан. Өмнө нь хэчнээн тунгалаг байлаа даа. Бид малаа голоос усалж, өөрсдийн ундны усаа ойролцоох рашаанаас зөөдөг"

Малчин Н: Сүүлийн жилүүдэд мал хээл хаях нь ихэссэн

Малчин Н: Сүүлийн жилүүдэд мал хээл хаях нь ихэссэн

"Сүүлийн жилүүдэд мал хээл хаях нь ихэссэн. Уг нь их цөөн тохиолддог байсан. Арван удаагийн тохиолдол бол энүүхэнд. Түүнээс гадна голоос эвгүй үнэр байнга үнэртдэг. Замаг гэхэд замаг биш, арай л өөр үнэр байдаг”

Малчин н.Батболд: Бохир цутгах үе, цагууд нь янз бүр юм шиг

Малчин н.Батболд: Бохир цутгах үе, цагууд нь янз бүр юм шиг

"Энд амьдраад 20 жил болж байна. Зарим үед ус маш их бохирдчихсон байдаг. Бохир цутгах үе, цагууд нь янз бүр юм шиг”

Малчин Н: Хоёр толгойтой тугал гарлаа гэж сонсогдсон. Уснаас боллоо гэх юм билээ

Малчин Н: Хоёр толгойтой тугал гарлаа гэж сонсогдсон. Уснаас боллоо гэх юм билээ

"Туул голын бохирдол дэндүү их байна. Хотын баас шээс нь тэр чигээрээ урсаж ирээд байгаа юм шиг санагддаг. Үнэндээ мал услахад хэцүү байна. Услахгүй гээд ч яах юм билээ. Муухай үнэр үнэртэх нь энүүхэнд. Бараг чамд үнэртэж байгаа байх. Би энд насаараа амьдарч байна. Манай энд доохон талд хоёр толгойтой тугал гарлаа гэж сонсогдсон. Уснаас боллоо гэх юм билээ. Заримдаа мал гаргахаар элэг, уушги нь цэврүүтэй, эрээн алаг өнгөтэй байдаг”

Малчин н.Хатанбаатар: Манай доод айлд сүрьеэтэй юм шиг амьсгалж чадахгүй аахилдаг хурга гараад хэд хоноод үхчихсэн

Малчин н.Хатанбаатар: Манай доод айлд сүрьеэтэй юм шиг амьсгалж чадахгүй аахилдаг хурга гараад хэд хоноод үхчихсэн

"Манайх зун болгон Туулыг бараадаж зусдаг юм. Голын бохирдол их. Та нар голын ойролцоо очоод үзээрэй. Өмхий ханхална. Өмнө нь загас ихтэй байсан. Одоо бол загастай манатай болсон. Энэ байдал үргэлжлээд таван жил болох гэж байна уу даа. Жил болгоны хавар, намарт саарал, ногоон өнгийн бохир нь урсдаг. Зун бороо ус нь нэмэгдэхээр урсгал ус өөрийгөө цэвэрлэдэг юм болохоор арай гайгүй. Сүүлийн 2-3 жилээс малын уушги, дотор эрхтэн хэвийн бус өнгөтэй болсон. Манай доод айлд сүрьеэтэй юм шиг амьсгалж чадахгүй аахилдаг хурга гарсан. Хэд хоноод үхчихсэн. Голоос болсон байх. Түүнээс өмнө ийм янз янзын зүйл болдоггүй байлаа. Усаа ойролцоох худгаас авдаг. Өмнө нь булаг шандаас уудаг байлаа. Одоо бүгд ширгээд дууссан даа”

Малчин Ө.Бат: Голд сэлэхээр биеэр нь юм туураад байна гэх юм билээ


"Энэ жил Туул гол өмнөх жилээсээ илүү бохирдолтой байна. Ноднин жил манай үнээнээс ямар ч үсгүй тугал гарч ирээд орилж байгаад үхсэн. Хонь гаргахаар элэг, уушги нь идэхийн аргагүй болчихсон байдаг. Бас хээл хаях тохиолдол элбэг. Ер нь иймэрхүү тохиолдол хоёр жилийн өмнөөс бий болчихсон. Ундны усаа сумын төвөөс 20 км-т зөөж байна. Туул голын усыг ахуйн хэрэглээндээ ч ашиглаж чадахаа байсан. Зарим хүн голд сэлэхээр биеэр нь юм туураад байна гэх юм билээ. Шөнө унтаж байхад голын өмхий үнэр байнга үнэртдэг. Өчигдөр хонь гаргасан чинь гүзээнийх нь сэвс шал өмхий үнэртэй байсан. Ус нь бохирдолтой, гантай, шороогоор шуурсан энэ үед амьдрахад хэцүү санагдаж байна. Ноднин хааяа нэг үнэртдэг байсан энэ үнэр сүүлийн жилээс байнга л үнэртэх болж”

 

Малчин н.Даваа: Ийм малын махыг өөрсдөө идэж байгаа бид эрүүл байна гэхэд эргэлзээтэй шүү дээ

Малчин н.Даваа: Ийм малын махыг өөрсдөө идэж байгаа бид эрүүл байна гэхэд эргэлзээтэй шүү дээ

"Хавартаа илүү бохирдолтой байдаг. Үнэрийн хувьд бол авах юмгүй. Одоо голын ус багасчихсан учраас арай гайгүй. Усны түвшин нэмэгдвэл ч амьсгалах аргагүй шүү дээ. Бид рашаан гээд энэ тусгаарлагдсан уснаас ууж байна. Өвөл бол сумын төвөөс зөөнө. Энэ голын доогуур нутаглаж байгаа айлуудад мал их үхдэг гэсэн. Уснаас болж байгаа биз. Өмнө нь ямар тийм зүйл сонсогддог байсан биш. Заримдаа малын уушги цагаан толботой, гэдэс тасарсан байдаг. Ер нь ийм малын махыг өөрсдөө идэж байгаа бид ч эрүүл байна гэхэд эргэлзээтэй шүү дээ”

Нутаг дэвсгэр нь өмхий ханхалсан, бохир усаар малаа ундаалсан, гантай нутгийн малчдын амнаас зутруу, зүдрүү үгийг олон сонслоо.

Тэдний ярьсанчлан сэтгүүлч надад бохир усаар цатгагдсан малын мах хүртэж буй сумын иргэдийн эрүүл мэндийн асуудал эргэлзээ төрүүлснийг энд дурдах хэрэгтэй.

Н.БАТМӨНХ: ГОЛЫН БОХИРДОЛ НЬ ХҮН, МАЛЫН БИЕД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГААГ ШИНЖИЛЖ ӨГӨӨЧ ГЭХ ХҮСЭЛТИЙГ УДАА ДАРААЛАН ТАВЬСАН Ч ХАРИУ АЛГА

Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогч Н.Батмөнх

Сумын малчидтай уулзсаныхаа дараа Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогч Н.Батмөнхтай уулзлаа.

ЕРӨНХИЙЛӨГЧ "ХЭРЭВ БИ СОНГОГДВОЛ ТУУЛЫН УСЫГ ЦЭВЭРШҮҮЛНЭ” ГЭЖ ХЭЛСЭН Ч БАЙДАЛ УЛАМ Л ДОРДСОН

-Энэ жил Туулын бохирдол ямар байна?
-Өмнөх жилүүдийн адил бохирдолтой байна. Ер нь 4-5 сардаа цэвэрлэх байгууламжийн ус тэр чигтээ урсаж буй мэт маш их бохирдолтой цэлгэр ногоон өнгөтэй байдаг. Усны түвшин их багассан, зарим хэсэгтээ тасарсан. Энэ үзэгдэл жилээс жилд доройтож, ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй байсаар өнөөдрийг хүргэлээ.

-Сүүлийн үед мал хээл хаях, амьгүй төл гарах, мал үхэх тохиолдол цөөнгүй гарах болсон талаар малчид ярьж байсан?
- Нүдгүй, эмгэгтэй, амьгүй, хоёр толгойтой төл гарч байна. Өвөл нь мал хээл хаяж байна. Хээл хаях шалтгааныг бас шууд усандаа тохох хэцүү. Цэвэр уснаас шалтгаалж байна гэх эмгэг бол малын элэг нь цагаан болчихсон, уушги нь улаан хүрэн болчихсон явдал. Тэр бол 100 хувь уснаас шалтгаалж буй юм. Сүүлийн жилүүдэд энэ үзэгдэл улам нэмэгдэж байна. Тийм болохоор малчид малаа услахаас зайлсхийх тохиолдол гардаг. Ер нь болж өгвөл худгийн усаар малаа услах арга хэмжээг авч байна.

Цэвэр уснаас шалтгаалж байна гэх эмгэг бол малын элэг нь цагаан болчихсон, уушги нь улаан хүрэн болчихсон явдал.

-Холбогдох байгууллагуудад энэ байдлаа танилцуулж байсан уу. Хариу юу гэх юм?
-Би өмнө нь Тамгын дарга, Засаг дарга хийж байхдаа дээд шатны яамд, мэргэжлийн байгууллагуудад голын бохирдол нь малын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, энэ нь цаашлаад хүмүүст ямар сөрөг үр дагавар авчирч байгааг судлаад өгөөч гэх хүсэлтийг удаа дараалан тавьсан. Харамсалтай нь хариу өгөөгүй. Дээд удирдлагууд нь Туул гол бохирдолтой байгаа, энэ нь ард иргэдэд сөргөөр нөлөөлж буйг мэдээд байгаа хэрнээ л арга хэмжээ авдаггүй. Жишээ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдорж "Хэрэв би сонгогдвол Туулын усыг цэвэршүүлнэ” гэж хэлж байсныг бид бүгдээрээ л санаж байна. Гэтэл сонгогдоод хэчнээн ч жил өнгөрөв. Байдал улам л дордсон байна.

БОХИР УСНААС ШАЛТГААЛАН ХӨРСНИЙ БОХИРДОЛ ҮҮССЭН НЬ ХУДГИЙН УС ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД МУУГААР НӨЛӨӨЛӨХГҮЙ ГЭХ БАТАЛГААГҮЙ

-Хэт бохирдсон голоос шалтгаалан танай сум хөрсний бохирдолд орж байгаа гэсэн?
-Гэтэл сүүлийн үед бохир ус урссаар байгаад хөрсний бохирдол үүссэн. Шинжилгээний дүнгээс харахад голын ойролцоох хөрсний найрлага голын нян, бактеритай төстэй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл хөрсний бохирдол тэнд бий болж байна гэсэн үг. Гэтэл гол дагасан худгаас малчид ундныхаа усыг авдаг. Тэрхүү ус нь хүний биед сөргөөр нөлөөлж буй гэх нотолгоо байхгүй ч магадлал өндөр байна.

-Хөрсний найрлага голын бохирдолтой ижил түвшинд байна гэхээр иргэдийн ууж буй ундны ус баталгаагүй санагдаж байна?
-
Бид Хустайн байгалийн цогцолборт газар, Японы судалгааны байгууллагатай хамтран судалгааны ажил хийсэн. Судалгааны дүн эцсийн байдлаар гараагүй байна. Гэсэн ч эхний дүгнэлтээр сумын иргэдийн хөхний хорт хавдраар өвчлөх магадлал 80-90 хувьтай байгааг тогтоосон. Тэгэхээр голын ус хүний биед ямар ч өвчин үүсгэж байгаа юм билээ. Тодорхойлоход хэцүү. Цэвэрлэх байгууламжаа засварлаж чадахгүй бол хүн, малаа цэвэр тунгалаг ус уух боломжоор нь хангах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл худаг, усны цэгүүдийг голын дагуу олноор байгуулж өгөхийг хүсэж байна.

-Нэг худаг хэчнээн төгрөгийн өртгөөр бүтэх вэ?
-10-20 сая төгрөгт багтаан шийдвэрлэх боломжтой. 10-20 км-ын зайтай худгууд барихад л асуудал шийдэгдэх юм.

10 ХУДАГ БАРЬЧИХВАЛ ЦӨӨНГҮЙ ХҮНИЙГ ЦЭНГЭГ УСААР ХАНГАЧИХНА

-Тэгэхээр хэчнээн худаг барих шаардлага тулгараад байна?
-Манай суманд мал аж ахуй эрхэлж байгаа 600 гаруй малчин өрх байна. Тэдний 70-80 хувь нь Туул голоос малаа усалдаг. Энэ жил хуурайшилт их, худгийн ус нь дундарч байгаа учраас айлууд голдоо нутаглахаас өөр аргагүйд хүрээд байна. Энэхүү 600 өрхөөс гадна зуншихаар Баянхангай, Арандалцээл зэрэг сумдаас малчид нүүдэллэж ирдэг. Тэгэхээр зөвхөн манай сумын нутагт гэхэд 700 орчим өрх голоос ус хэрэглэж байна. Тэдгээр малчин өрхийн 200-300 мянган мал голоос ундаалж байна. Эдгээр өрхийн цаана 2000-3000 хүн байна гэсэн үг. Туул гол манай нутаг дэвсгэрийн 100 км-т урсаж өнгөрдөг. Гол дагасан 15-20 км-т нэг худаг барина гэхээр нэг талдаа 5-6 худаг, хоёр талдаа 10 худгийн асуудлыг шийдсэн байхад цөөнгүй хүнийг цэнгэг усаар хангачих юм.

-Танай сум хэчнээн булаг байдаг вэ?
-Манай сум 5-6 булагтай. Бүх булгийг нарийн шинжлээгүй байна. Булгийн усанд найдах арга алга. Хөрсний бохирдолд орсон манай сумын хувьд булгийн уснууд нь цэвэр тунгалаг эсэх нь эргэлзээтэй, одоогоор бүрэн тогтоосон юм алга. Хэд нь бохирдсон нь тодорхойгүй байна. Харахад үнэргүй, тунгалаг харагдавч шинжлээд үзэхэд ямар ч хариу гарах юм билээ.

МАЛЫН ДОТОР ГЭДСЭНД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ ЮУНААС ШАЛТГААЛСНЫГ ТОДОРХОЙ БОЛГОМООР БАЙНА

Туул голын ус сүүлийн үед энэ мэтээр хөөсрөх болсон

-Холбогдох байгууллагуудаас Туулын усанд шинжилгээг хэр давтамжтай хийж байна?
-Бас ч огт хаячихаагүй л байгаа юм. Туул голд байнгын харуулж ажиллаж байна. Хамгийн гол асуудал бол цэвэрлэх байгууламж ачааллаа даахаа больсноос энд бохир урсаж байгаад л асуудал байна. Байгаль орчны шинжилгээний лаборатори, усны газрууд усны шинжилгээний дүнг улирал тутамд авдаг. Шинжилгээг бол ярих юмгүй сайн хийж байгаа.

-Малчидтай уулзахад малын гэдэс доторт их өөрчлөлт гарсан гэх юм билээ. Энэ талаар шинжилж үзсэн болов уу?
-Мал эмнэлгийн төв лабораторид энэ шинжилгээг хийх боломж байгаа. Бидний хувьд аймаг руу, аймаг яам руу хандах ёстой л доо. Ядаж л манай суманд жижиг лабораторийн тоног төхөөрөмж өгчихвөл бид шинжилгээгээ хийгээд л байна шүү дээ. Үнэхээр голоос шалтгаалаад байна уу, эсвэл малын халдварт өвчин байна уу тодорхой болгомоор байна.

-Туулын ус иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэх мэдээлэл байна уу?
-Тийм тохиолдол гараагүй байна.  

Алтанбулаг сумын Засаг даргын орлогч ийнхүү ний нуугүй, "зовлон”-оо тоочлоо. Нийслэлийнхний ус бохирдуулсан балаг энэ сумыг тойрч гаралгүй нүүрлэснийг та бүхэн сурвалжлагаас уншсан байх.

Цэвэрлэх байгууламж шинээр барих, гол дагасан үйлдвэрүүдийг нүүлгэх, бохир ус нийлүүлэх эрхийг нь хязгаарлахаас нааш 600 гаруй өрхтэй, 260 мянган малтай уг сум нийслэлийнхний "ялгадсаар” ундаалсаар байх аж.

Хэзээ цэвэрлэх байгууламж барьж, хэзээ Алтанбулагийнхны хувь заяа шийдэгдэх нь харамсалтай нь тодорхойгүй байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?