Нийслэлчүүдийн хогийн цэг болох Нарангийн энгэр, Цагаан давааны орчмыг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээлт хийхээр бэлтгэл ажлуудыг эхлүүлсэн байна.
Энэхүү нөхөн сэргээлтийг Төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг боловсруулж гаргасан бордоог ашиглан хийхээр төлөвлөж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэгч Барилга, хот байгуулалтын яам, лагийг бордоо болгох төсөл хэрэгжүүлэгч “Эко тайхи” ХХК, Нийслэлийн Байгаль орчны газар хамтарсан уулзалт хийлээ.
Төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг үнэргүйжүүлж бордоо болгох төслийг Монгол улсын Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолын дагуу Барилга, хот байгуулалтын яам 2018 оноос эхлэн зохион байгуулан хэрэгжүүлж байгаа юм.
Үүний дагуу боловсруулсан 310.0 мянган м.куб лагийг 2020 оны хавар бүрэн боловсруулж бордоо болгон нөхөн сэргээлтийн ажилд ашиглах боломжтой болно.