Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг томилолтын хугацаа нь дуусч байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Сайд Д.Цогтбаатар Монгол Улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувиар НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг зорьж ирснийг тэмдэглээд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож ирсэн сайн туршлагаа бусад гишүүн орнуудтай хуваалцаж, олон улсын энхтайвны судалгааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Хатагтай Б.Транкман Монгол Улс нь ЗХА-ийн бүс нутагт үлгэр жишээ үзүүлж, хүний эрх, хөгжлийн хэм хэмжээг бий болгох чиглэлд ач холбогдол өгч ирснийг цохон тэмдэглээд, бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлсэн байна.
Уулзалтын төгсгөлд Д.Цогтбаатар сайд түүнд цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөж, ГХЯ-ны “Алтан гэрэгэ”-г гардуулав.