Монгол Улс, Европын Холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү тэмдэгдэлт үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын Дээд төлөөлөгч, Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Ф.Могерини нар баярын захидал харилцан солилцов.
Талууд захидалдаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ололт амжилтаар дүүрэн байсныг тэмдэглэж, Монгол Улсын ардчилсан тогтолцоо руу шилжих үйл явцыг тууштай дэмжиж ирсэн гуравдагч хөрш Европын Холбоотой хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлс, үзэл санаанд тулгуурлан хамтын ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүний зорилт болохыг онцлон тэмдэглэж, Европын Холбоо Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа илэрхийлж, ирэх 30 жилд харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаа нотлосон байна.