Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын даргын тушаалаар /2019.09.27/ хурандаа Э.Бөхбатыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн байрыг түрээслэсэн иргэд мөрийтэй тоглоомын газар явуулж байсан нь шалгалтын үеэр илэрсэн тул үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан хурандаа Э.Бөхбатын зүгээс уг асуудлыг шалгуулахаар үүрэгт ажлаасаа түдгэлзүүлэх хүсэлт гаргасан юм.
Тэрээр “Би түрээслэж буй байрандаа 2017 онд очиж хоолны газрын зориулалтаар түрээслэх гэрээ хийсэн. Гэтэл түрээслэгч маань цааш нь дамлаж түрээслээд автомат, мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ. Байраа эргэж, тойрч байгаагүй нь миний алдаа боллоо. Ард түмнээсээ уучлалт хүсч байна. Энэ асуудлыг шалгуулахаар би ЦЕГ-ын дотоод хяналтад өргөдөл өгсөн. Мөн түрээсийн гэрээг цуцалсан” хэмээн өчигдөр мэдэгдсэн билээ.
Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодруулахад “Энэ асуудлыг дотооддоо шалгаад эхэлсэн” гэсэн мэдээллийг өглөө.