Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж төрийн 38 төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгын хүрээнд гаргасан шийдвэрийг Сангийн сайд X.Хүрэлбаатар танилцууллаа.
Тэрээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэр гаргаж, иргэдэд учруулдаг төрийн хүнд суртал, чирэгдлийг бууруулахад нэг алхам боллоо.
Иргэд төрөөс үйлчилгээ авахдаа банкинд хураамж төлөх, тодорхойлолт авах зэргээр маш их цаг хугацаа зарцуулдаг байсан. Энэхүү байдлыг өөрчилж, дүүрэг орохгүйгээр хорооноос шууд үйлчилгээгээ авах боломжтой болж байгаа. Иргэд төрийн үйлчилгээг нийслэлийн 152 хороогоор дамжуулан авахдаа төлбөрийг И-баримт систем ашиглан төлөх шийдлийг нэвтрүүлснээр энэхүү боломж бүрдэж байгаа юм.
Өдөрт дунджаар 1200-1500 иргэн гадаад паспорт захиалдаг бөгөөд тус бүр 32 мянга 500 төгрөг тушаадаг. Түүнээс гадна гадаад пасспорт авахад иргэд гурван өөр дансанд гурван төрлийн төлбөр тушаах хэрэгтэй болдог. Үүний тулд банкан дээр 2-3 цаг зарцуулдаг. Мөн дээр нь банк хоорондын шимтгэл нэмж төлдөг байсан.
Тэгвэл одоо банкинд дугаарлахгүйгээр Е-баримтаа ашиглан төлбөрөө төлж, паспортоо захиалснаар мөнгө, цаг хэмнэх боломжтой болж байгаа юм” хэмээн мэдэгдлээ.
И-баримт систем ашиглах аргыг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлж байгаа юм.