Монголын мэргэжлийн рок хөгжмийн суурийг тавьсан “Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо хийгээд удаагүй байгаа билээ. Анх 1989 онд Улсын драмын эрдмийн театрын дэргэд байгуулагдаж байсан тус хамтлагт Монгол Улсын гавьяат гэх эрхэм цолтой гурван гишүүн байдаг юм. Тодруулбал, “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин Ц.Энхманлай 2000 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, аргил гитарчин, дуучин Ц.Чулуунбат 2009 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, гоцлол дуучин Х.Лхагвасүрэн 2014 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээд байсан билээ. Харин өнөөдөр нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойгоор хамтлагийн хэмнэлт гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат цол олгохоор болжээ.
Энэ талаар “Харанга” хамтлаг өөрийн фэйсбүүк хуудастаа “Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш хоёр маань урлагт 40 гаруй жил зүтгэсэн зүтгэлээрээ, бидний хүсэн хүлээсэн гавьяат шагналыг хүртэх болжээ. Та хоёртоо баяр хүргэн мэхийн ёсолъё” гэж бичсэн байна.