АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп өнгөрөгч пүрэв гарагт Холбооны Засгийн газрыг 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх түр хугацаанд санхүүжүүлэх тогтоолд гарын үсэг зурлаа.
Энэ тогтоолыг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим болон Сенатаар батлаад байсан бөгөөд АНУ-ын Төрийн тэргүүн тогтоолд хориг тавьж чадалгүй гарын үсэг зурлаа хэмээн олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байна.
Түр төсөв батлагдсанаар Конгресс дэх намуудад илүү удаан хугацааны санхүүгийн хууль тогтоол батлах хугацаа гарч байгаа юм. Харин түр төсвийг батлаагүй бол АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй байлаа.
Ерөнхийдөө Дональд Трампыг Төрийн тэргүүн болсноос хойш Ардчилсан нам болон Бүгд найрамдах намынхан холбооны урт хугацааны төсвийн асуудлаар нэг ч удаа тохиролцоонд хүрч чадаагүй байгаа юм. Өнгөрсөн оны сүүлчээр л гэхэд улстөрчид Мексиктэй хиллэдэг хэсэгт хана барих ажлыг төсөвт суулгах асуудлаас болоод төсвөө баталж чадалгүй Засгийн газрын үйл ажиллагаа нь Америкийн түүхэнд байгаагүй хамгийн удаан хугацаагаар зогссон билээ.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд 12 дугаар сарын 22-нд төсөв батлагдаагүйн улмаас Засгийн газрын үйл ажиллагаа нь зогсож, төрийн албан хаагчид нь 35 хоног хүчээр амарсан юм. Шинжээчдийн тооцоолсноор, “шатдаун”-аас болоод Америкийн эдийн засаг дор хаяж зургаан тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.