Баянгол дүүргийн НАМЗХ-ноос санаачлан, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран Баянгол дүүргийнхээ төгсөх ангийн сурагчдаас сорилго шалгалт авлаа. Энэхүү “ЭЕШ-Сорилго-2019” шалгалтад нийт 48 дунд сургуулийн 12-р ангийн 1981 сурагч хамрагдаж шалгалт өгчээ. Монгол улсын маань ирээдүй болсон хүүхэд залуус хүссэн сургуульдаа сонгосон мэргэжлээрээ элсэн ороход хэдхэн сарын хугацаа үлдээд буй энэ үед “Сорилго-2019” шалгалтыг санаачлан зохион байгуулсан нь нүдээ олсон ажил болсон хэмээн дүүргийн удирдлагууд онцолж байлаа. МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос цаг үеэ мэдэрсэн, нийгэмд хэрэгтэй олон ажлыг эхлүүлсний нэг нь энэхүү сорилго шалгалт юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтад өнгөрсөн жилээс эхлэн шууд засалтын “Шилэн технологи”-ийг нэвтрүүлж эхэлсэн билээ. Ингэснээр 14 хоногийн хугацаанд шалгалтын дүнгээ хүлээдэг байсан элсэгчид шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болсноороо онцлог болсон. Жил бүр улсын хэмжээнд 40 мянга орчим хүүхэд ЭЕШ өгдөг бөгөөд энэ жил ч мөн тооны төгсөгч байх тооцоотой байгаа аж.