Салхитын ордын хэрэг болон хөрөнгөө нуусан гэх үндэслэл тогтоогдсон 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Ерөнхийлөгчийн зарлигт С.Төмөрбатын нэр бий. Тэрээр Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдөр буюу 2019 оны зургадугаар сарын 27-ны орой Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давсан. Үүнээс долоо хоногийн дараа АНУ-ын хил дээр их хэмжээний валют авч яваад саатуулагдлаа гэсэн мэдээлэл цацагдсан. Түүнээс хойш таван сар өнгөрч буй.
Харин саяхнаас шүүгч асан С.Төмөрбатыг хэзээ Монголд авчрах вэ гэдэг асуудал босч ирлээ. Гадаад харилцааны яам энэ тал дээр тодорхой зүйл хэлж чадахгүй байгаа юм. Тэгвэл тэрбээр АНУ-ын хамгаалалтад байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Түүнийг тус улсаас Монголд нь буцаан авчрах талаар АТГ-ынхан ажиллаж буй тухай мэдээлэл цацагдсан. Гэвч энэ нь ямар ч боломжгүй гэдгийг хуулийнхан хэлж байна. Учир нь Монгол Улс, АНУ-ын хооронд ялтан солилцох гэрээ байдаггүй учраас түүнийг Монголд авчрах боломжгүй болоод байгаа аж.