ВАШИНГТОН. Баасан гарагт шилжих шөнө АНУ Багдад хотод “Ирантай холбоотой хоёр байд” цохилт өгсөн байна. Энэ тухай “Reuters” агентлаг Америкийн засаг захиргаан дахь нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.
“РИА Новости” агентлагийн тайлбар авах хүсэлтэд Пентагон хараахан хариу өгөөгүй байна.
Пуужингийн цохилтын үеэр Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал Касим Сулеймани амиа алдсан гэж телевизийн “Аль-Арабия”, “Аль-Жазира”, “Sky News” сувгууд өмнө нь мэдээлжээ.
Багдадад өгсөн пуужингийн цохилтын үеэр таван гишүүн, “хоёр зочин” нь амиа алдсан гэж Иракийн шиит шашинтнуудын “аль-Хашд аш-Шааби” бүлэглэл мэдэгдсэн байна. Тус бүлэглэл энэ долоо хоногийн дундуур Багдад хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд /ЭСЯ/ халдсан билээ. Амиа алдсан хүмүүсийн дунд энэ бүлэглэлийн толгойлогчийн орлогч Абу Махди аль-Мухандис байсан бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео түүнийг тус улсын ЭСЯ-нд халдсан гэж буруутгаж байсан юм.
Эх сурвалж: Риа новости