Өчигдөр ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах болсныг мэдэгдсэний дараа ерөнхийлөгч В.Путин шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүлжээ.
Дараагийн Ерөнхий сайдаар томилогдох саналыг Путин өчигдөр орой Холбооны Татварын Албаны дарга Михайл Мишустинд тавьсныг тэрээр хүлээн авсан байна. Үүнтэй холбогдуулан ДУМ-ын хурлаар өнөөдөр Мишустиныг ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.
Михайл Мишустины хувьд эдийн засгийн ухааны доктор бөгөөд 2010 онд одоогийн албан тушаалд томилогдсон юм.
Харин өмнөх Ерөнхий сайд Д.Медведев ерөнхийлөгчийн тавьсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргын албан тушаалыг хүлээн авахаа мөн мэдэгджээ.