ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэний дараахан ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах болсноо олон нийтэд зарласан билээ.
Тэгвэл өчигдөр ерөнхийлөгч В.Путины өргөн барьсан шинэ ерөнхий сайдын нэрийг ДУМ-ын хурлаар хэлэлцлээ. Д.Медведевийн дараагийн хүнээр Холбооны Татварын Албаны дарга Михайл Мишустиныг санал болгосон болохыг бид өмнө нь та бүхэнд хүргэж байсан. Тэгвэл ерөнхийлөгчийн саналыг Төрийн ДУМ-ын хурлаар хэлэлцэж 424 гишүүнээс 383 нь дэмжсэнийг В.Путин баталсан байна. Ингэснээр Михайл Мишустин ОХУ-ын Ерөнхий сайдаар томилогдож байгаа юм.
Шинэ Ерөнхий сайд М.Мишустины хувьд эдийн засгийн ухааны доктор бөгөөд 2010 оноос хойш Холбооны Татварын Албаны даргын албан тушаалыг хашиж байсан. Ерөнхий сайдад нэр дэвшигч санал асуулгын үеэр “Оросууд илүү гэрэлтэй ирээдүйн төлөө шинэчлэлт хийх хэрэгтэй” хэмээж инфляцийг 4 хувьд барина хэмээн мэдэгджээ.
Харин түүний өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Медведев ерөнхийлөгчийн тавьсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргын албан тушаалыг хүлээн авахаа мөн мэдэгдээд байгаа билээ.