Шинэ төрлийн коронавирусийн тархалтын төв болоод байгаа Хятадын Хубэй мужид өчигдөр бүртгэгдсэн шинэ халдварын тоо огцом буурсан тухай өнөөдөр өглөө мэдээллээ.
Лхагва гарагт тус мужид шинээр 349 халдварын тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нэгдүгээр сарын 25-наас хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн цөөн тоо юм. Өмнөх өдөр нь 1693 халдвартай хүн шинээр бүртгэгдэж байсантай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт болжээ.
Харин нас барсан өвчтөний тоо өчигдөр 108 байсан нь өмнөх өдрийн 132-оос мөн буурсан үзүүлэлт болж байна.
Өнөөдрийн шинэ тоо баримтыг нэгтгэвэл дэлхий даяар Covid-19 вирусийн халдвар авсан 75291 тохиолдол бүртгэгдэж, 2120 өвчтөн нас баржээ.
Халдвар авсан хүмүүсээс бүрэн эдгэрсэн нь 14452 болж байна