Сингапурт шинж тэмдэггүй тээгчээс коронавирус халдварласан анхны тохиолдол батлагдсан гэж “The Straits Times” агентлаг мэдээллээ.
Энэхүү үр дүнг Сингапурын эрүүл мэндийн яам болон АНУ-ын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийнхөн хамтран хийсэн судалгаанд дурдсан байна.
“Хоёр орны мэргэжилтнүүд Сингапурт коронавирусийн халдвар ямар замаар дамжиж байгааг нэгдүгээр сарын 23-наас гуравдугаар сарын 16-ны хооронд судалсан. Энэ хугацаанд бүртгэгдсэн тохиолдлуудыг нарийн шинжилхэд хамгийн багадаа 10 хүн шинж тэмдэггүй тээгчүүдээс халдвар авсан нь тогтоогдсон. Тухайлбал, Ухань хотоос ирсэн халдвартай хоёр жуулчнаас халуурах, ханиалгах зэрэг өвчний ямар ч шинж тэмдэг илрээгүй. Гэхдээ гурван хүнд халдвар тараасан байсан” хэмээн Сингапурын эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдээлжээ.
Судлаачид болон эрх баригчид ийм замаар халдвар дамжиж байгаад ихээхэн санаа зовж буй. Учир нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөвхөн тодорхой шинж тэмдэг илэрсэн хүмүүст авч байгаа юм. Сингапурт өнөөдрийн байдлаар /2020.04.03/ 1049 хүн коронавирусийн халдвар авч, 5 хүн нас баржээ.