Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Сити Баз Консалтинг” ХХК, ”УБ Смарт Карт” ХХК нар хамтран зорчигчийн ачаалал их 20 байршлын автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг энэ сарын 20-оос 07:30-09:00 цагийн хооронд зохион байгуулж байна. Энэ нь нийслэлийн хэмжээнд иргэдийг нийтийн тээвэрт U_MONEY картаар зорчиж хэвшүүлэх зорилготой юм.
Хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд U_money картаараа үйлчлүүлэх шаардлагыг тавин, зөрчил гаргаж буй иргэдэд санамж хүргүүлэх, зөвлөмж, мэдээлэл хүргэх, U money карттай холбоотой иргэдийн санал гомдол, хүсэлтийг хүлээн авах, карт үйлчилгээний төрөл, борлуулалт, цэнэглэх цэг, боломжуудын талаар мэдээлэл, сурталчилгаа хийн ажиллаж байна. Мөн картгүй болон картаа цэнэглээгүй зорчигчдод явуулын карт борлуулах, цэнэглэх үйлчилгээг үзүүлэн ажиллаж буй.
Нийтийн тээврийн автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд нийслэл хотын иргэдийн дунд U money картаар зорчигчдын тоог нэмэгдүүлэх, картын хэрэглээг хэвшүүлэх болон нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандарт, хууль эрхзүйн орчинг сайжруулах, улам боловсронгуй болгох чиглэлийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ